

Хаалга дуугарч, онгойх бүрт хашааны гадна цугларсан бүх хүний анхаарал нэг газарт төвлөрнө. “Хэн гарч ирж, юу гэж хэлэх бол” гэж хүлээсээр цаг хэртэй болов. Тэсгэл алдсан зарим нь “Хэдүүлээ ингэсхийгээд явъя даа, нэмэргүй бололтой” гэхэд “Заавал хариугаа авчихаад харина” хэмээх нэгэн ч байлаа. Тэд энэ газарт ирж, хэн нэгэн сайхан мэдээ дуулгахыг хүлээж буй нь анхны тохиолдол биш аж.
Чех улсын ЭСЯ-ны гадаа өчигдөр 40 гаруй иргэн жагслаа. Иргэдээс авсан мэдээллээр бол богино хугацааны виз мэдүүлэхээр тус улсын ЭСЯ-нд бүртгүүлсэн 200 гаруй иргэний визний ярилцлагын товыг энэ сарын 14-нд тодорхой шалтгаангүйгээр хүчингүй болгосон гэнэ.
Виз мэдүүлэхийн тулд тус улсын ЭСЯ-ны visapoint.eu цахим бүртгэлийн системд бүртгүүлж, цаг авдаг журамтай. Иргэд ч энэ журмаар бүртгүүлж, ярилцлагын цаг товлосон байжээ. Харин энэ сарын 14-нд иргэдэд “Манай систем шинэчлэгдлээ, таны хүсэлт хүчингүй болсон” гэсэн мэдээлэл цахим шуудангаар ирсэн гэнэ. Ингэснээр хүлээлгийн жагсаалтад 2022 он хүртэл дугаарласан иргэд бүртгэлээс хасагджээ.
Тэдний дунд Чех улсад хөдөлмөр эрхлэх цаг авсан, тэр бүү хэл ажиллах компаниа сонгосон иргэн цөөнгүй байсан юм. Гэтэл үйлдвэрт ажиллахаар мэдээллээ өгсөн иргэд 1.6 жилийн дотор Чехэд амжиж очихгүй бол хүсэлтийг нь цуцалдаг юм байна. Хэрэв иргэдийн хүсэлтийг цуцалсан нь үнэн бол тэд хугацаандаа очиж чадахгүйгээс гадна цаг авахын тулд дахин 650 евро төлж болзошгүй байдал үүсээд буй нь энэ.
Тус цахим бүртгэлийн системд нэвтрэх амаргүй, заримдаа ажилладаггүй гэдгийг ч иргэд хэллээ. Иргэн Ч.Мөнх-Ундрам “Нөхөр бид хоёрын ажлын гэрээний хугацаа ирэх тавдугаар сард дуусна. Гэтэл визний ярилцлагын товыг цуцалчихлаа. Цахим бүртгэлийн системд бүртгүүлэх гэж олон удаа оролдсон ч бүтээгүй. Бүр ядаад Германд байдаг дүүгээрээ тэндээс бүртгүүлсэн” хэмээн бухимдав.
Ямар шалтгаанаар визний мэдүүлгийн товыг цуцалсан талаар тодруулахаар иргэд Чехийн ЭСЯ болон Гадаад харилцааны яаманд өмнө нь хэд хэдэн удаа хандсан ч хариу өгөөгүй гэнэ. Бид өчигдөр 16.00 цагийн үед Чех улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ивана Гролловагийн туслахтай холбогдож үүсээд буй нөхцөлийн талаар лавлахад “Одоо мэдээлэл өгөх боломжгүй, удахгүй ЭСЯ-наас албан ёсоор мэдэгдэл хийнэ” гэсэн юм.
Харин жагсаалд оролцсон иргэдийн төлөөлөл Х.Буяннэмэхтэй 19.00 цагийн үед холбогдоход “Чехийн ЭСЯ-ны төлөөллүүд оройхон бидний нэгийг хүлээн авч уулзаж, иргэдийн өргөдлийг авсан. Ямар учраас визний ярилцлагын товыг цуцалсан талаар бидэнд хариу өгөөгүй” гэв.