
Цагдаагийн байгууллагад худал мэдээлэл өгсөн иргэнийг олж, Төмөр зам дахь Цагдаагийн газарт шалгаж байна. Өнгөрсөн мягмар гаригийн шөнө “Төмөр замын эмнэлгийн хашаанд автомашиндаа буудуулсан хүн байна” гэсэн мэдээлэл ирүүлсний дагуу Төмөр зам дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн I, II хэлтсийн алба хаагчид хойшлуулшгүй ажиллагаа явуулж, ойр орчимд нь эрэн сурвалжилж шөнөжингөө шалгаад уг мэдээлэл нь ор үндэсгүй, худал болохыг тогтоожээ.
Цагдаагийн байгууллагад худал мэдээлэл өгч, түгшүүр зарлуулсан этгээдийг эрэн сурвалжилж, Баянгол дүүргийн IV хороонд оршин суух, 1962 онд төрсөн Ж гэгч эрийг саатуулсан байна. Тэрбээр “Тухайн үед согтуу байсан. Гэрээсээ гараад утсаар ярих гэтэл нэгж дууссан байсан юм. Тэгээд утсаар ярихын тулд ойролцоох эмийн санд орж “Төмөр замын эмнэлгийн хашаанд автомашиндаа буудуулсан хүн байна” гэж худал хэлсэн.
Түүнийг эмийн сангийнхан 102 дугаар руу залгаж хэлсэн юм байна. Би ийм зүйл болно гэж бодоогүй. Миний худлаа хэлсэн үг иргэдийг цочроож, цагдаагийн байгууллагад маш их хүндрэл учрууллаа” гэж ярив. Түүний худал мэдээлэл өгч буй дүрс нь хяналтын камерын бичлэгт үлдсэн байжээ. Цагдаагийн байгууллага хойшлуулшгүй ажиллагаанд гаргасан зардлаа түүгээр төлүүлэхээр болсон гэнэ.