
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани агаарын хөлгийн парк шинэчлэлийн хүрээнд 2011 онд АНУ-ын “Боинг” компаниас агаарын гурван хөлөг худалдан авах гэрээ байгуулсан. Улмаар гэрээний хүрээнд манай улс тус компаниас “Боинг 767-300ER” хөлгийг 2013 онд анх худалдаж авсан түүхтэй.
Тэгвэл үлдсэн хоёр хөлгийг нь худалдаж бус, түрээсээр авах гэнэ. Эдийн засгийн байдал хүндхэн байгаатай холбогдуулан ийм шийдвэр гаргасан бөгөөд “Боинг 737-Макс 8” загварын онгоцыг түрээсээр авах тухай гэрээнд гарын үсэг зурах ёслол өнгөрсөн баасан гаригт болов.
Гэрээ ёсоор бол эл хоёр хөлгийг үйлдвэрээс гарсан даруйд нь буюу 2019 оны I, II улиралд Монголд оруулж ирэх бөгөөд МИАТ компани 12 жилийн хугацаанд түрээсээр ашиглах юм байна. Ингэхдээ агаарын хөлгийн түрээсийн үйлчилгээ үзүүлдэг, олон улсын “Avolon aerospace leasing limited” компаниар дамжуулан түрээслэх аж.
МИАТ компаниас “Боинг”-д урьдчилгаа болон барьцаа төлбөрт өгсөн 1.9 сая ам долларыг “Avolon aerospace leasing limited” компанид түрээсийн барьцаа болгон шилжүүлжээ.