
.jpg)
Их хотын завгүй амьдралын хэмнэл, элдэв дарамтаас түр ч атугай ангижирч, тархи толгойгоо сэргээн, цэвэр агаарт алхахаар өнгөрсөн амралтын өдрөөр Богдхан ууланд аяллаа. 10.00 цагийн үед очиход Зайсангийн ам тээврийн хэрэгсэл, аялагчдаар “хахсан” байв. Өглөөний нартай уралдан аяллаа эхэлсэн зарим нь энэ үед уулнаас бууж, гэрийн зүг гэлдэрч байхад дөнгөж замдаа гарч буй иргэд ч олон байсан юм.
Энд тэнд хэд хэдээрээ бөөгнөрөн зогссон, тухалсан, зам нийлэн алхаж яваа аялагчдын дүр зураг нийслэлчүүд эрүүл мэнддээ хэр их анхаардаг болсныг, нөгөөтэйгүүр ууланд алхах сонирхолтой иргэн олширсныг илтгэх мэт. Гэвч нийслэлчүүдэд хамгийн ойр, зардал чирэгдэлгүй аялах боломж олгодог энэ маршрут зорьж очсон хүмүүсийг бухимдуулж, сэтгэлийг нь гонсойлгосон олон асуудалтай аж.
Богдхан ууланд аялагчид Төрхурах-Цэцээ гүн, Манзушир-Цэцээ гүн, Зайсан-Баруунширээт, Зайсан-Тэнгэр хад, Баянзүрхийн товчоо-Тэнгэр хад гэсэн таван чиглэлд алхдаг. Зайсангийн ам бол эдгээр аяллын чиглэлийн хаалга нь гэж хэлж болно. Машинтай нь төмөр хүлгээрээ, машингүй нь тээврийн хэрэгслээр Зайсангийн ам хүрээд аяллын замдаа гардаг. Гэтэл энэ газарт аялагчид машинаа байрлуулах зогсоол байтугай чөлөөтэй зорчих зам ч алга.
Ямар сайндаа л хоёр машин дөнгөн данган зөрөх төдий нарийхан зам дээр жолооч нар “тэрэг”-ээ тавьж орхичихоод гацаа үүсгэх вэ дээ. Бид ч машинаа байрлуулах гэж зүдрэв. “Зорьж ирснийх, ингээд ч болов тавьчихъя” гэсэн шиг олонх нь замын хажуу талаар машинаа шавааралдуулсан харагдлаа. Уг нь нийслэлийн Аялал жуулчлалын газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан аялагчдын тав тухыг хангах зорилгоор энэ чиглэлд нэлээд ажил хийсэн гэнэ.
Өнгөрсөн зун Зайсан-Баруунширээт чиглэлийн замыг засаж, тохижуулах нэрийдлээр сандал, ширээ, сүүдрэвч гүүр хийжээ. Гэвч Богдхан уулыг зорин ирж буй жуулчдад нэн түрүүнд тулгамддаг, бас хамгийн их бухимдуулдаг дэд бүтцийн асуудлыг орхигдуулсан нь хаалгаа цоожилчихоод, хэн нэгнийг гэртээ урьж байгаагаас ялгаагүй юм. Уг нь Зайсангийн аманд “Богдхан” нэртэй жуулчны бааз бий.
Төр, засаг үүнд анхаарал тавьдаггүй юм гэхэд уг амралтын газрынхан санаачилга гаргаж болмоор санагдана. Замын түгжрэл, автомашины зогсоолын төлөөх тэмцэл нийслэлчүүдийн хувьд шинэ зүйл биш. Гэвч ганц өдөр цэвэр агаарт гарахдаа үүнээс болж бухимдаж, цагаа үрмээргүй байна.
Зайсан-Баруунширээт чиглэлийн замд тэмдэг, тэмдэглэгээ ер байдаггүй учраас аялагчид хаана явж байгаагаа, хэдэн км зам туулж, хүрэх газартаа очихоо ч мэддэггүй талаар “Аялагчдад луужин алга” сурвалжилгаараа бид хөндөж байсан. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд биднийг Зайсан-Баруунширээт чиглэлд зорчиход км тутамд замын тэмдэг, тэмдэглэгээтэй болгосон байв. Одоо харин аяллын зам дагуух газруудад хогны сав байрлуулж, жорлонтой болгоход анхаарвал сайн сан.