
УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нар өчигдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд орон нутагт ажиллаж буй эмч нарыг дэмжих зорилгоор алслагдсан сум, сум дундын болон багийн эмнэлэгт гурван жил ажилласан эмч нарыг цэргийн дүйцүүлэх алба хаасанд тооцохоор болжээ.
Цэргийн II зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгүүлэхээр зохицуулах зэрэг олон зүйл заалт тусгажээ. Мөн эмнэлгийн чанар, хүртээмжийг сайжруулж, ачааллыг бууруулах зорилгоор зүүн бүсийн гурван аймаг, нийслэлийн Багануур, Багахангай, Налайх, Баянзүрх дүүргийн иргэдийг харвалт, шигдээс, гэмтэл, хордлого зэрэг яаралтай тусламжийн үед цаг алдалгүй Цэргийн төв эмнэлэгт хүлээн авахаар болжээ.