
ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Г.Батсүхийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст эрх мэдэл албан тушаалаа урвуулсан, их хэмжээний хөрөнгө завшсан хэрэгт сэжиглэн шалгаж эхэлжээ. Энэ талаар прокурорын байгууллагын эх сурвалжаас лавлахад “ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс харьяаллын дагуу АТГ-т Г.Батсүхийг шалгуулахаар шилжүүлсэн. Албан тушаалаа ашиглаж, тус хүрээлэнгээс хэрэгжүүлсэн 5.3 болон 1.5 тэрбум төгрөгийн өртөгтэй хоёр ч төслийн хөрөнгөнөөс завшсан, хүрээлэнгийнхээ орон нутгийн салбаруудад данстай малыг хувьдаа авч ашигласан байж болзошгүй гэж буруутгаж байгаа” гэсэн юм.
Тус хүрээлэнгийнхнээс нь тодруулахад “Захирал ажлаа хийж байгаа. Хуулийн байгууллагад шалгуулж буй нь үнэн. Үүнтэй холбоотойгоор ч юм уу, бүү мэд хэд хэдэн хүнийг албан тушаалаас нь халсан. АТГ-т мэдээлэл өгсөн гэж үзээд ийн шийдвэрлэсэн гэж ярьж байна. Хуулийн байгууллага учрыг нь олж өгөх биз дээ” гэв.
Өөр нэг эх сурвалж “Ажлаас нь түдгэлзүүлж шалгаагүй болохоор олон хүнийг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Хүрээлэнгийн ирээдүйтэй боловсон хүчин болсон нэг бус хүн түүний шийдвэрийн улмаас гудамжинд гарсан нь харамсалтай” гэсэн юм.