
Барилгын салбар эрчимжиж, хот тэлэхийн зэрэгцээ түүнээс гарч буй хог хаягдлыг хэрхэх вэ гэдэг нь томоохон асуудал болж буй. Манай улсын нийт хатуу хог хаягдлын 20-25 хувийг барилгын хог эзэлдэг гэх тойм тооноос өөр баримт үгүй. Тэгвэл “Монгол Улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих” төслийнхөн энэ талаар нарийвчлан судалжээ.

“Каритас Чех репаблик” олон улсын байгууллагынхан өнгөрсөн оны гуравдугаар сараас Европын холбооны санхүүжилтээр уг төслийг хэрэгжүүлж буй юм байна. Хог хаягдлыг багасгах, дахин ашиглах, боловсруулах үйл ажиллагааг өргөжүүлэх, барилгын салбарынхныг чадавхжуулахад энэ ажил чиглэжээ. Төслийнхөн суурь судалгаандаа үндэслээд цаашид барилгын хог хаягдлыг хэрхэн боловсруулж, ямар бүтээгдэхүүн гаргах боломжтой талаар нарийвчилсан туршилт, судалгаа хийх аж.
Улаанбаатар дахь зарим барилгыг буулгаж, дахин төлөвлөх төсөл, хөтөлбөрийг хотын захиргаанаас гаргасан байдаг. Гэтэл манай улсад барилга буулгах туршлагатай, албан ёсны гэрчилгээтэй компани байдаггүй. Хаягдлыг дахин ашиглах, боловсруулахын тулд барилгыг зөв буулгах шаардлагатай. Тиймээс төслийнхөн шаардлагатай мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд анхаарч, ШУТИС-тай хамтран сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө ч боловсруулах гэнэ.
2020 оны хоёрдугаар сар хүртэл энэ төслийг хэрэгжүүлэх юм байна. Эхний хоёр жилд туршилт, судалгаа хийхэд түлхүү анхаарах бол үлдсэн хугацаанд нь түүнийгээ барилгын салбарынханд танин мэдүүлэхээр цөөнгүй сургалт зохион байгуулах юм байна. Төслийн суурь судалгааны үр дүнгээс инфографикт үзүүлэв.