
Эрчим хүчний яамны Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэг өчигдөр хуралдлаа. Нийслэлийн гэр хорооллын өрхүүдийн шөнө хэрэглэсэн цахилгааны тарифыг энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс тэглэсэн. Хоёр тарифт тоолууртай 110 мянган өрх өнгөрсөн гурван сарын хугацаанд хоёр тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн байна. Цаашид тоолуураа шинэчилсэн 37 мянган өрх үүнд хамрагдах боломжтой гэнэ.
Цаг агаар хүйтрэхэд шөнийн цахилгааны ачаалал өсдөг гэсэн судалгаа бий. Тухайлбал, Улаанбаатар хотод 2017 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр -37 хэм хүрч хүйтрэхэд ачаалал 450 мВт хүрч байжээ. Тиймээс шөнийн цахилгааны тарифыг тэглэх нь агаарын бохирдлыг бууруулахад нөлөө үзүүлж байна хэмээн ажлын хэсгийнхэн дүгнэлээ.
Мөн өнгөрсөн хугацаанд манайд ашиглаж буй цахилгаан халаагуурыг туршиж үзэхэд үр ашигтай, дулаан хадгалах боломжтой нь цөөн байсан гэнэ. Үүнээс гадна сайжруулсан шахмал түлш ашиглаж, нүүрсний хэрэглээг багасгах талаар ч судалж байгаа аж.