
Нийслэлийн прокурорын газраас 2014, 2015, 2016, 2017 оны эхний хоёр сарын байдлаар гарсан хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргийн шалтгаан нөхцөлийг судалжээ. Эрүүгийн хуулийн 188, 192, 193, 194, 195, 196 дугаар зүйлд энэ төрлийн гэмт хэрэг 2014 оноос хойш нэмэгдэж буй юм. Сүүлийн гурван жилийн хугацаанд прокуророос хар тамхины 339 хэрэгт хяналт тавьж ажилласан бөгөөд шүүхээр 41 хувийг шийдвэрлүүлжээ. Шүүх 235 хүнд ял оноосны дийлэнх буюу 63 хувьд нь 1-13 жил хүртэл хугацаагаар хорих, 32 хувьд баривчлах, 1.2 хувьд нь торгох ял ногдуулсан байна.
Судалгаагаар манай оронд мансууруулах үйлчилгээтэй зэрлэг олсны ургамлын тархац их, “мөс” хэмээх бодисыг БНХАУ-аас нууцаар хил давуулан оруулж ирдэг нь нийлүүлэлтийн эх сурвалж болдог хэмээн дүгнэжээ.
Уг бодисын хор уршгийн талаар залуучуудад ойлголт муу байдгаас уруу татагдахад хүрдэг зэрэг олон хүчин зүйлс энэ төрлийн гэмт хэрэг гарахад нөлөөлж байгаа юм байна. НПГ-ынхан судалгааныхаа дүнд үндэслэн хамтарч ажилладаг төр захиргааны байгууллага, ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн оюутан, сурагчдад хар тамхины гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, яриа таниулга хийх, сургалтын материал, гарын авлага боловсруулан ажиллаж байгаа гэнэ.