
Зурагт үзүүлсэн ягаан шугамууд Монголын дээгүүр дамжин өнгөрөх нислэгийн замууд юм
Монголын агаарын зайд шулуун (PBN) долоон зам шинээр нээж, өчигдрөөс ашиглаж эхэллээ. Эдгээрийн нэг нь зөвхөн Улаанбаатар хотод бууж, хөөрөхөд зориулагдсан бол бусад зургаагаар нь олон улсын агаарын тээвэрлэгчид дамжин өнгөрөх юм. Манай улс ОХУ, БНХАУ-тай агаарын 15 хаалгаар хиллэдэг бөгөөд тэдгээрийг холбосон 11 зам байдаг аж. Дээрх замууд чиглүүлэгчийн байршлаас шалтгаалж муруй, тойрог учраас олон улсын авиа компанийнхан манай улсаар дамжин өнгөрөхдөө багагүй түлш, цаг зарцуулдаг байсан гэнэ.
Тиймээс энэ асуудлыг шийдэж, агаарын зайн багтаамжийг нэмэгдүүлэх, аюулгүй ажиллагааг дээшлүүлэх, жилд нэвтрүүлэх онгоцны тоог нэмэх зорилгоор 2010 оноос хоёр үе шаттай төсөл эхлүүлжээ. Төслийн хүрээнд хийж буй анхны ажил нь агаарын шулуун зургаан зам нээсэн явдал байв. Тэдгээрээс хамгийн урт нь 1659 км аж.
Агаарын тээвэрлэгчид шинэ, шулуун замаар зорчиж эхэлснээр нислэгийн зай багасан, хугацаа хэмнэхээс гадна нүүрсхүчлийн хийн ялгаралт буурах юм байна. Тодруулбал, манай улсын агаарын зайд жилд олон улсын 99 мянга гаруй онгоц дамжин өнгөрдөг. Шинэ замууд ашиглалтад орсноор 230 орчим мянган километр зай, 1656 тн түлш хэмнэж, 5.2 тн нүүрсхүчлийн хий ялгаруулахаас сэргийлнэ гэсэн урьдчилсан тооцоо хийжээ.
Түүнчлэн жилд дамжин өнгөрөх агаарын хөлгийн тоо 100 мянгаас хол давна гэдгийг ИНЕГ-ын Агаарын навигацын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ё.Эрдэнэ онцлов.
Нисэхийн хөдөлгөөний удирдлагын төвд өчигдөр өглөө шинэ замаар ХБНГУ-ын БОИНГ-777 хөлөг онгоц хамгийн анхны дамжин өнгөрөх нислэгийг хийхээр манай улсын агаарын орон зайд нэвтэрсэн. Шанхай-Берлин чиглэлд аялж буй уг онгоц Монголын тэнгэрт нэг цаг 30 минутын турш ниснэ гэдгийг тус төвийн ажилтан дэлгэц рүү заан хэлсэн юм.
Дашрамд дуулгахад, Монгол Улсын агаараар дамжин өнгөрөх олон улсын хөлөг онгоцнуудын 80 гаруй хувийг бодит ажиглалтын системээр хянадаг аж. Өөрөөр хэлбэл, ажиглалтын бүсэд нислэгийн удирдагч онгоц хаана явааг харж чаддаг. Харин хяналтгүй бүсэд удирдагч нисгэгчээс хаана явааг нь асуудаг. Гэтэл энэ нь нислэгийн аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэлтэй гэнэ.
ИНЕГ-ын тэргүүн дэд дарга Б.Алтанцом “Бодит ажиглалтын системд холбогдоогүй баруун аймгуудын агаарын зайг бүрэн хяналттай болгох ажил үргэлжилж буй. Тун удахгүй ажил хэрэг болно. Ингэснээр Монгол Улс агаарын орон зайгаа 100 хувь ашиглахын зэрэгцээ, хоёр онгоц багтах зайд таван хөл өг багтаах боломжтой болж, дамжин өнгөрөх олон улсын нислэгийн тоо төдий чинээ нэмэгдэх юм” гэв.