
Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Олон Улсын Худалдааны Яамны Сайд Марк Гание Монгол Улсад айлчлал хийнэ. Тэрбээр Монголд айлчлах анхны Олон Улсын Худалдааны Яамны сайд болж байгаа юм.
Айлчлалын үеэр Монгол улсын Гадаад Харилцааны Яамны сайд Ц.Мөнх-Оргил, Зам Тээврийн Хөгжлийн Яамны Дэд сайд Б.Цогтгэрэл нартай уулзан хоёр орны худалдааны харилцааг хэрхэн цаашид бэхжүүлэх, Монгол, Британийн бизнесийн салбарыг хөгжүүлэх ирээдүйн боломжууд зэрэг олон асуудлаар ярилцана.
Мөн тэрбээр Британи, Монголын Парламентийн бүлгэмийн гишүүдтэй уулзахын зэрэгцээ Монголын Хөрөнгийн Биржийн өдрийн арилжааг нээнэ.
Айлчлалын талаар Олон Улсын Худалдааны Яамны Сайд Марк Гание хэлэхдээ ‘’Их Британи улс нь Монгол улсын томоохон хөрөнгө оруулагчдийн нэг билээ. Иймээс ч миний бие манай хоёр орны худалдааны бат бөх хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийг хүсч байна. Уул уурхайн тоног төхөөрөмж, барилгын дэд бүтцээс эхлээд санхүүгийн үйлчилгээ зэрэг Британийн Монголд гаргаж буй экспорт нь маш олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хамардаг бөгөөд манай яамны зүгээс ирээдүйн хамтын ажиллагааны шинэ боломжуудыг гаргахаар ажиллаж байна. Мөн Монгол Улсад эдийн засгийн өсөлтийг бий болгох томоохон боломж байгаа бөгөөд Их Британи улсын зүгээс Монголын компаниудад зорилгоо биелүүлэхэд нь туслахад бэлэн байж хоёр орны түншлэлийг улам бэхжүүлнэ" гэлээ.
Дашрамд дурдахад, Их Британи улс нь Монголын эдийн засгийн чухал хамтрагч орон юм. Британи, Австралийн хамтарсан уул уурхайн Рио Тинто компани нь Оюу Толгойн эхний шат буюу ил уурхайд 6 тэрбум долларын, 2016 онд гүний уурхайн байгуулалтанд 5 тэрбум долларын хөрөнгө оруулалт тус тус хийжээ..
Харин Их Британийн компаниуд нь Монгол компаниудтай санхүүгийн үйлчилгээ, төмөр зам, эрчим хүч, дэвшилтэт үйлдвэрлэл болон боловсролын салбарт хамтран ажиллаж байна. Улаанбаатар дахь Британийн Элчин сайдын яамны Олон улсын худалдааны хэлтэс Монгол компаниудад Британи хамтрагч олоход туслах төрөл бүрийн үйлчилгээ үзүүлдэг.