
“Ээж ээ, миний нүдний шил, би усан сан руугаа гүйлээ шүү” гэх таван настай охиныг Б.Содтуяа гэдэг. Эцэг, эх нь иргэний үүргээ сайн биелүүлсний шанд усан санд нэг сар үнэгүй хичээллэх эрхийн бичиг түүнд өгчээ. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Баянгол дүүргийнхэн “Утааны эсрэг-усан спорт” аян өрнүүлсэн нь энэ юм.
Тус дүүргийн найман хорооны 12.400 өрх гэр хороололд амьдарч байгаагаас 180 нь олон улсын стандартад нийцсэн цахилгаан болон хийн халаагуур хэрэглэдэг гэнэ. Тэдгээр өрхийн 5-17 насны 80 хүүхэд Усан спорт сургалтын төвд үнэ төлбөргүй сурах эрхийн бичгийг Баянгол дүүргийн удирдлагууд өчигдөр гардууллаа.
.jpg)
“Манайх шалны халаагуур хэрэглээд гурван жил болж байна. Нүүрс үнэртэхгүй, гал түлэхгүй амар юм. Цахилгаан халаагуур хэрэглэж буй өрхийн зардлын 50 хувийг хөнгөлж байсныг өнгөрсөн жилээс зогсоочихлоо. Өвлийн улиралд сард 250 мянган төгрөг цахилгааны төлбөрт төлж байна. Харин цахилгааны шөнийн тарифыг хөнгөлснөөр сарын төлбөрөөс 40 мянган төгрөг хямдарч байна лээ” гэж Б.Содтуяагийн ээж ярив.
Тус төвд хичээллэдэг хүүхдүүд УАШТ-ээс олон медаль хүртсэн гэнэ. Мөн насанд хүрэгчид хичээллэдэг бөгөөд ахмадын ДАШТ-ий хошой аварга болсон Ш.Даваадорж энэ төвийн багш аж. Шинээр ирсэн хүүхдүүдэд усан дээр хэрхэн хөвөх, амьсгалын дасгал яаж хийх талаар зааж сургаж буй багш Д.Ичинхорлоогоос усанд сэлэхэд юуг анхаарах хэрэгтэйг асуухад “Манай хүүхэд усанд ер сэлж үзээгүй, гүн (2.20 метр) юм байна, живчих юм биш биз дээ” гэж эцэг, эхчүүд их асуудаг.
.jpg)
Анх удаа сэлж буй хүмүүс эхлээд айдсаа дарах хэрэгтэй. Бүгдийг эхнээс нь зааж өгөх учраас санаа зовох зүйлгүй. Усан спортоор бүх насныхан хичээллэх боломжтой. Нуруу нь гэмтсэн, тэр ч бүү хэл саажилттай хүүхэд хичээллэдэг” гэлээ.
Усан санд хөл дүрэх нь бүү хэл, их ус харж ч байгаагүй хүүхдүүд сүрдэж, эмээж буй нь ажиглагдав. “Өмнө нь голд л сэлж байсан. Амьсгалын дасгалуудыг нь хийж чадахгүй юм шиг санагдаж байна. Гэхдээ их сайхан юм” гэж 10 настай С.Төгөлдөр хэлэв. Харин өнөөх таван настай охин маань даарсан бололтой, эрүү нь чичирч харагдлаа. “Нэг дороо хөдөлгөөнгүй байхаар даардаг юм. Уг нь усны хэм 28” гэж Д.Ичинхорлоо багш тайлбарлав.
Гялгар цаастай чихрээр хуураад өнгөрөх биш, хүүхдийн эрүүл мэнд, биеийн хөгжилд тустай ийм арга хэмжээг зохион байгуулж буйд эцэг, эхчүүд ам сайтай байлаа. Тэдгээр 80 хүүхэд усан санд долоо хоногт дөрвөн удаа хичээллэх аж.