
Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо буюу Баянхошууны эцэст байрлалтай “Баян бигэр” өрхийн эрүүл мэндийн төвөөс ирэх бямба гаригт “Сүрьеэ илрүүлэх, оношлох өдөрлөг" зохион байгуулахаар болжээ. Энэ хүрээнд зорилтот бүлгийн 180 хүнийг сүрьеэгийн үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах юм байна. Зорилтот гэдэгт сүрьеэтэй хүмүүсийн ар гэрийнхэн болон өмнө нь энэ өвчнөөр өвдөж байсан, мөн өвчлөх эрсдэл бүхий хүн ам багтдаг аж.
Улаанчулуутын хогийн цэгтэй хил залгаа амьдардаг айл өрхүүд тус хороонд харьяалагддагийн дээр нийт хүн амын 60 орчим хувь нь амьжиргааны түвшнээс доогуур орлоготой, эм тариа худалдан авах, эрүүл мэндийн даатгал төлж, хоёр гуравдугаар шатлалын эмнэлэгт үйлчлүүлэх боломжгүй иргэд гэнэ.
Тиймээс “Баян бигэр” өрхийн эмнэлгийнхэн сүрьеэгийн мэргэжлийн эмч нарыг урьж, цээжний зураг авах аппарат, сүрьеэгийн оношилгооны багаж төхөөрөмж түрээслэн цогц үйлчилгээ үзүүлэх гэнэ.
24 дүгээр хорооны 4820 өрхийн 15580 хүнд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлдэг тус өрхийн эмнэлгийнхэн халдварт бус өвчнөөс иргэдийг урьдчилан сэргийлэх “Жин хасах аян”-ыг хорооныхоо аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд зарлахаар төлөвлөжээ.
Сарын дараа хамгийн их жин хассан ажилтнуудтай байгууллага, мөн хувь хүн шалгаруулах юм байна. Уг аяны хүрээнд гурван төрөлт спортын тэмцээн, эрүүл зөв хооллолтын талаарх сургалт, явган аялал зэрэг олон арга хэмжээ зохион байгуулна гэж “Баян бигэр” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга И.Мөнгөнцэцэг хэллээ.