
“Оффшорчдын эсрэг нэгдэцгээе” жагсаал Сүхбаатарын талбайд боллоо. “Ноён уулыг бус, ноёдын оффшорыг ухъя”, “Оффшор дансан дахь 17 тэрбум ам.долларыг ард түмэнд өг” зэрэг лоозон барьсан иргэд талбай дээр цугларчээ. Тэргэнцэртэй иргэдээс эхлээд өндөр настан, хүүхдүүд гээд тэнд хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж очсон байв.

Архангай, Дархан-Уул зэрэг аймгаас ч цөөнгүй хүн иржээ. Уг жагсаалыг “Ард түмний онц түр зөвлөл” санаачилсан бөгөөд “Босоо хөх Монгол”, ТҮЦ эрхлэгчид, ахмад дайчдын болон эрдэмтдийн холбооны төлөөллөөс гадна “Баян Монгол, Баянхонгороо фашистуудаас хамгаалъя” хөдөлгөөний тэргүүн, Ардын уран зохиолч Т.Галсан гуай ирсэнд иргэд талархан хүлээн авсан юм. Жагсаалыг зохион байгуулж буй иргэний хөдөлгөөнүүд С.Баярцогт, С.Баяр, Сү.Батболд, Д.Цогтбаатар, Б.Дэлгэрсайхан тэргүүтэй 12 хүнийг оффшорт данстай гэж зарлав.

Тэдгээрээс гадаадад амьдарч буй хүмүүсийг эх оронд нь буцаан авчирч, ард түмэнд “өгөх” хэрэгтэй гэв. Хэрэв оффшорт байгаа мөнгийг эх орондоо оруулж ирвэл улс өргүй болж, эдийн засгийн хямралаас гарч, төгрөгийн ханш чангаран, бид ажилтай болно гэцгээж байлаа. “Ард түмний онц түр зөвлөл”-ийн тэргүүн С.Батчулуун “Манай улс 2003 онд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцод нэгдсэн. Үүнийг 2005 онд соёрхон баталснаар бусад хуулийн адил дагаж мөрдөх ёстой болсон.

Тус конвенцод дээдсийн хулгайг хориглосон олон заалт бий. Гэтэл энэ конвенцыг орчуулж, олон нийтэд хүргээгүй, их, дээд сургуулийн хуулийн ангийн оюутнуудад заадаггүй, УИХ-ын гишүүдийн олонх нь мэддэггүй. Цаас чигээр нь дарчихсан. Тиймээс НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарт “Монгол Улс энэ конвенцыг мөрдөхгүй байгаа учраас гаргаж өгнө үү” гэсэн санал тавьж байна.
Оффшорчдыг ил болгохоор Үндсэн хууль, Эрүүгийн хуулийн алдаа, чимээгүй хулгайн булхай илчлэгдэнэ. Оффшортой тэмцэх хууль батална гэж байгаа ард түмнийг хуурах нэг арга заль. Оффшорыг шалгаж, ийм аргаар мөнгө угаадаг гэдгийг ил болгож байж хууль гаргах ёстой” гэж ярив.


