
Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан хог хаягдал дахин боловсруулах “Инархис”, “Сайн цаас”, “Хэв хашмал хуванцар” үйлдвэр болон Цагаандавааны хогийн цэгийн нөхцөл байдалтай танилцлаа. Нийслэлийн хэмжээнд хогийн томоохон гурван цэг байдгийн нэг нь Цагаан даваа. Тэнд тээвэрлэж аваачсан хогийг ангилан ялгалгүйгээр шууд булдаг.
Уг арга нь хэдийнэ хоцрогдсон төдийгүй хөрсний бохирдлын томоохон эх үүсвэр болж байгаа тул цаашид хог хаягдлаа ангилан ялгаж, дахин боловсруулахад анхаарна гэж хотын дарга онцлов. Хаягдал дугуй буталж, явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбайн хавтан үйлдвэрлэдэг “Инархис” компанийг найман жилийн өмнө байгуулжээ.
Энэ хугацаанд тус компанийнхан автомашины найман сая хаягдал дугуй буталж явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбайн резинен хавтан үйлдвэрлэсэн байна. Гэвч бүтээгдэхүүнээ борлуулахад хүндрэлтэй, хүүхдийн тоглоомын талбай байгуулах тендерт ихэвчлэн урд хөршөөс хавтан оруулж ирдэг компаниуд шалгарч байгааг тус компанийн захирал Н.Мөнхбаяр учирлав.
Хоёрдогч түүхий эдээр барилга, зам, гүүрт өргөнөөр ашигладаг арматур, зай баригч зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Хэв хашмал хуванцар” компанийнхан ч мөн бүтээгдэхүүний борлуулалтад дэмжлэг үзүүлэхийг хотын даргаас хүслээ. Харин 2014 онд байгуулсан, картон цаас дахин боловсруулдаг “Сайн цаас” компанийнхан хаягдал цаасны төвлөрсөн цэг байгуулах шаардлагатайг хөндөв.
Тус компанийнхан өөрсдөө явж, Улаанбаатар хотын өнцөг булан бүрээс хаягдал цаас цуглуулдаг бөгөөд замын түгжрэл, тээврийн зардлаас эхлээд хүндрэлих байдаг гэнэ.
“Хог хаягдлыг ангилах чухал байна. Ядаж барилгын болон ахуйн хаягдлыг ангилах менежментэд шилжих хэрэгтэй. Энэ ажлыг удахгүй эхлүүлнэ. 2020 оноос хойш дэлхийн хотуудын жишгээр бид био хаягдал боловсруулаад шатдаг хий, бордоо үйлдвэрлэдэг болно. Мөн барилгын материал шатааж эрчим хүч үйлдвэрлэх арга нэвтрүүлнэ.
Төрийн бус байгууллагуудтай хамтран хуванцар сав, шил зэргийг ангилан авах нэгдсэн цэг байгуулахаар төлөвлөж байна. Дахин ашиглах боломжгүй шилэн савлагаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжүүд ямар ч хариуцлага хүлээдэггүй. Тиймээс Засгийн газартай хамтран их хэмжээний хог гаргадаг аж аж ахуйн нэгжүүдээс авах экологийн татварыг нэмнэ” гэлээ.
Дашрамд дурдахад, нийслэлчүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд их цэвэрлэгээ хийж хотынхоо өнгө төрхийг сэргээсэн юм. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар жил бүрийн хавар их цэвэрлэгээ хийдэг. Үүний дагуу нийслэлийн бүх дүүрэг захирамж гаргаж, харьяа байгууллагууд нь хариуцсан нутаг дэвсгэр дэх далан суваг, гэр хороолол, жалга гууны хогийг цэвэрлэлээ.