
С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт холбогдсон Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг шүүсэн хоёр шатны шүүх хурал ерөнхийдөө “жүжиг” байсан гэдгийг шүүх, прокурор, цагдаагийн учир мэдэх хэд хэдэн хүн хэлээд буй. Шүүхийн шийдвэр гарч, хийх ажил нь дуусчихаад байхад прокурорууд зурагтаар хэргийн нотлох баримтыг олон нийтэд дэлгэн ярьсан нь буруу гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өмнө нь хэлсэн.
...Гэтэл түүний мессеж дээр “Би орцонд та нарыг хараад байж байсан” хэмээсэн нь Ц.Амгаланбаатар гэгч энэ эр дахиад л хуулийнхныг даапаалан, чулуу хөөлгөж буй юм биш биз гэсэн хардлага төрүүлж байна...
Тэгвэл өнгөрсөн баасан гаригт тэрбээр Төрийн ордонд хэвлэлийн хурал хийж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар руу Ц.Амгаланбаатарын бичсэн гэх мессежийг дэлгэж, тэднийг баривчлахаас өмнө юу болсныг мэдээлсэн юм.
Ц.АМГАЛАНБААТАР ЦАГДАА, ТАГНУУЛЫНХНААР ЧУЛУУ ХӨӨЛГӨЖ БАЙНА
“Энэ хэрэгт холбогдож, голлон ярьж байгаа Ц.Амгаланбаатар 2007 онд найзыгаа зодож, цагдаад шалгагдаж эхэлсэн, түүнээс хойш дөрвөн хүний амийг бүрэлгэсэн гэж худал мэдүүлэг өгсөн. Нэг хэрэгт холбогдуулж өөр хүнийг гүтгэсэн, эцэст нь өөрөө хэргээ хүлээж мэдүүлэхийн зэрэгцээ эд мөрийн баримтаа нуусан газраа зааж өгч 2009 онд цаазаар авах ял шийтгүүлсэн байна.
Уг ялыг нь Ерөнхийлөгч уучилж, 25 жил хорих болсон. Ингэж хоригдож байхдаа би Ганбат гэдэг хүний амийг хөнөөсөн гэж мэдүүлсэн ч шалгалтын явцад Ц.Амгаланбаатарын мэдүүлэг хэрэг явдлаас зөрсөн тул уг хэргийг түдгэлзүүлсэн юм билээ. Мөн Архангай аймагт хоригдож байхдаа иргэн Г, Т, М гэсэн гурван хүний аминд хүрсэн гэсэн ч цагдаагийнхан шалгаж, бас л холбогдолгүй гэдгийг нь тогтоосон.
2014 оны гуравдугаар сараас Б.Содномдаржаа руу, долдугаар сараас хойш Т.Чимгээ рүү мессеж бичиж дарамталсан” гэж яриад, зарим мессежийг нь уншиж өгсөн. Энэ хэрэгт холбогдоод буй Б.Содномдаржаагийн ээж ч уг мессежүүдийнх талаар өмнө нь олон нийтэд хүргэж байсан юм.
Ц.Амгаланбаатарын илгээсэн мессеж дунд “Та хоёр том хүн алчихаад санахгүй байна уу. Шаазан ваарны үйлдвэрийн байрыг санахгүй байна уу. Та нар дээшээ ороо биз дээ. Чи Жаагий, Паартай ороо биз дээ (Паар гэж шатаж нас барсан Отгонбаатарыг хэлдэг). Би орцонд та нарыг хараад байж байсан биз дээ” гэсэн байгаа юм.
Тэгтэл НПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэнгийн дэлгэсэн нотлох баримтыг уншигч та бүхэн эргээд нэг анхааралтай үзээрэй. МҮОНТ-ээр гаргасан зам шалгалтын бичлэгт Ц.Амгаланбаатар “Би дүрсэлж үзүүлэх үү” гээд гараараа амаа таглан ярьж байгаа, бид гурвуулаа энд байсан Жаагийг бариад авсан” гэх мэтээр ярьсан билээ.
Гэтэл түүний мессеж дээр “Би орцонд та нарыг хараад байж байсан” хэмээсэн нь Ц.Амгаланбаатар гэгч энэ эр дахиад л хуулийнхныг даапаалан, чулуу хөөлгөж буй юм биш биз гэсэн хардлага төрүүлж байна.
ХҮН АМИНЫ ХЭРГИЙГ НЬ ИЛРҮҮЛСНИЙ ТӨЛӨӨ ЦАГДААГИЙН ОФИЦЕРЫГ ГҮТГЭЛЭЭ
Ц.Нямдоржийн мэдээлэл дунд “Б.Содномдаржаа ирсэн мессежийг цагдаа нарт үзүүлсэн байдаг. Тэр дунд “Зааны тугал та хоёр С.Зоригийг хөнөөсөн. Бүгдийг чинь самарна аа” гэж бичсэн байна. “Зааны тугал” гэдэг нь хэрэг илрэх үед буюу өнгөрсөн онд цагдаагийн дэд хурандаа байсан хүн. Чи С.Зоригийг яах гэж алсан бэ. Зоригийг алсан хэрэг, шатаасан хэрэгтэй чинь нийлүүлээд дэлгэнэ. С.Зоригийг алсан хутга чинь надад байгаа шүү. Олон жил нуусан нь миний буруу юу” хэмээн Ц.Амгаланбаатар шоронгоос мессеж илгээсэн байдаг.
Хүн амины хэргээр онцгой дэглэмд ял эдэлж буй ялтан ийнхүү гар утастай болчихоод хүн рүү ярьж, мессеж бичин дарамталж байгаа нь манай хорих ангийн харуул хамгаалалт сул байгааг илтгэж буй хэрэг.
“Зааны тугал” хэмээн Ц.Амгаланбаатарын нэрлэсэн тухайн үеийн дэд хурандаа нь өдгөө Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж буй хурандаа Эрдэнэбат юм. Түүнтэй холбогдож лавлахад “ЦЕГ-ын удирдлагуудын зөвшөөрөлгүйгээр ямар нэг зүйл ярихыг хүсэхгүй байна. Ер нь бол Ц.Амгаланбаатарын үйлдсэн таксины жолоочийг хөнөөсөн хэргийг би илрүүлсэн юм” гэлээ.
1937 ОНЫ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ДАВТАГДАВ УУ
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Миний санаа зовж байгаа зүйл бол 1937 оны хэлмэгдүүлэлтийн үнэр ханхлаад байна гэж хардаад байгаа. Энэ мэдээллийг та бүхэнд хэлж байгаа нь хуулийн байгууллагад олон жил хэрэг уншсан хүний хувьд цаад учрыг нь гадарлаад байгаа юм.
Яахаараа урьд нь шоронд таван жил ял эдэлж байсан хүн Чимгээ, Содномдаржаа хоёрын утасны дугаарыг олчихдог юм бэ. Яагаад шүүх хурал хаалттай болов. Бас яагаад улсын яллагч нар МҮОНТ-д ярьж болдог, өмгөөлөгч нарт нь үг хэлэх эрх олгодоггүй юм. Яахаараа тэр цогцос тэнд очсон, бас тэр хуулийн байгууллагын ажилтан тэнд очоод маргаан үүсгэсэн байдаг юм.
Цаашдаа энэ хэргийн малгай доор хэдэн хүнийг тамлах юм, бүү мэд. Хэргийн цорын ганц амьд гэрчийг бүтэн жил хорьчихоод гэрч ч биш, хохирогч биш гээд шүүх хуралд оролцуулаагүй. Тэгсэн хэрнээ Д.Булганы хэлснээр ам зураг зурж, Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр энэ хүмүүсийг яллаад байдаг.
Одоо бүр сүүлд нь Д.Булгантай мах чанаж идсэн, цай уусан, тамхи татсан гэж яриад байна вэ. Ямартай ч энэ хэргийг хэн гээч хүний яаж хийсэн хэрэг болох нь тодорхой болж байх шиг байна” хэмээсэн.