
ЗГХЭГ-ын дэд, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд таван өдөр хэлэлцэж байж өчигдөр шийдвэрээ гаргалаа. Тэднийг дараах үндэслэлүүдээр буруутгасан.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Цагаан хаданд Гаалийн хяналтын үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийг сонгох шалгаруулах тендерт Г.Дэнзэн эхнэр Г.Уянгынхаа нэр дээр бүртгэлтэй “Говь повер” компанийг иргэн Д.Баярмаагийн нэрээр оролцуулан ялуулсан.
Ингэхдээ Я.Батсуурьт Тендерийн үнэлгээний хорооны гишүүнийг өөрчлөх үүрэг өгч, хүргэн ах Г.Түмэнхүүг оруулсан. “Говь повер”-ыг ялуулсныхаа дараа 17.5 тэрбум төгрөгийн урьдчилгаа болгож, 700 сая төгрөг “Эрдэнэс Тавантолгой”-гоос шилжүүлэх тушаал Я.Батсууриар гаргуулсан. “Говь повер”-ийг төлөөлөн оролцсон Д.Баярмаатай хамтран шүүхэд “Эрдэнэс Тавантолгой”-гоос зарласан тендерийн ажлыг гүйцэтгэхээ больсноос 5.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан” хэмээн гомдол гаргаад тус компанийн хуулийн хэлтсийн мэргэжилтэн Т.Төгсбаяр нар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, өмнө нь шилжүүлсэн 700 сая төгрөгөө хасаад 4.8 тэрбум төгрөг шилжүүлэх тухай эвлэрлийн гэрээ байгуулж, шилжүүлсэн үйлдэлд гэм буруутай эсэхийг нь тогтоохын тулд ийнхүү хэлэлцсэн юм.
Шүүхээс Г.Дэнзэнг давтан үйлдлээр, бүлэглэн, албан тушаалаа урвуулан ашигласан, аж ахуйн нэгжийн өмчийг завшсаны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг удирдан зохион байгуулсан гэм буруутайд тооцож, албан тушаалаа урвуулсан хэрэгт нь Эрүүгийн хуулийн 263.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан тушаал эрхлэх эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, гурван жил зургаан сар, эд хөрөнгө завшсан үйлдэлд нь мөн хуулийн 150.3-т зааснаар нэг сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, таван жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн юм.
Я.Батсуурьт дээрх үндэслэлээр гэм буруутайд тооцож, төрийн албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах, мөн хугацаагаар хорих, эд зүйл завшсан хэрэгт нь таван жил нэг сар хорих ял оноох, 500 мянган төгрөгийн эд хөрөнгө хураах ял шийтгэлээ. Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр нарт албан тушаалаа урвуулсан хэрэгт нь нэг жил зургаан сар хорих ял шийтгэж, төрийн албанд ажиллах эрхийг нь нэг жилийн хугацаагаар хассан бол, эд хөрөнгө завшсан үйлдэлд нь таван жил зургаан сар хорихоор болов.
Албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт Г.Дэнзэнгийн хамжигчаар оролцсон Д.Баярмаагийн үйлдэлд 9.7 сая төгрөгөөр торгох, хөрөнгө завшсан хэрэгт нь таван жил нэг сар хорих ял оноов. Улмаар шүүгдэгч Г.Дэнзэн, Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарт эд хөрөнгө завшсан гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар оноосон нэмэгдэл болон үндсэн ялыг өршөөн хэлтрүүллээ. Ингэснээр Г.Дэнзэн гурван жил зургаан сар, Я.Батсуурь хоёр жил хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосон бол Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр нарыг тэнсэн харгалзахаар болсон юм.
Мөн Г.Дэнзэнгээс 137.116.300 төгрөг гаргуулж Сангийн яаманд, Г.Дэнзэн, Д.Баярмаа нараас 5.5 тэрбум төгрөг хувь тэнцүүлэн гаргуулж, “Эрдэнэс Таван толгой” ХК-д олгохоор шийтгэх тогтоол гаргажээ.