
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийг холбогдох бичиг баримт, гарын авлагын хамт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржид өчигдөр хүлээлгэн өглөө.
Энэ систем нь шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сангийн нэг бүрэлдэхүүн хэсэг аж. Өөрөөр хэлбэл, цагдаа, прокурор, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын дундах мэдээллийн нэгдсэн сантай болж буй юм.
Үүгээр дамжуулан прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай мэдээлэл солилцох боломжтой болж байгаа юм. Мөн таслан сэргийлэх арга хэмжээ болон захиргааны зөрчлийн саналыг бүртгэн шийдвэрлэх нэгдсэн статистик тайлан гаргах юм байна.
ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж “Энэ нь шүүх засаглалыг цахимжуулахад оруулж буй чухал ажил. Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын систем нэвтэрснээр хэрэг хуваарилахад хүний оролцоо байхгүй болж байна. Нэг хэргийг гурван шатны шүүх хэрхэн шийдвэрлэснийг цогцоор харах боломжтой” хэмээв.