
Монгол Улс 60 сая толгой малтай хэрнээ сүүний хэрэглээнийхээ 40 шахам хувийг импортолдог. Тиймээс Засгийн газар, ХХААХҮЯ сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг дотоодоосоо хангах, цаашлаад гадаад зах зээлд гарах зорилгоор “Мах, сүүний анхдугаар аян”-ыг эхлүүлсэн. Аяны хүрээнд сүү хатаах япон технологийг нэвтрүүлэхээр дөрвөн аймагт туршиж эхлээд буй.
Тэгвэл монгол үнээний сүүгээр хийсэн бяслагаар япончуудыг дайлах цаг удахгүй тохиох бололтой. Франц технологиор Монголд бяслаг үйлдвэрлэж буй “Монфрэш” компани Японы “Мицү” групптэй хамтран, таван тонн бяслаг туршилтаар экспортолжээ. Он гарснаас хойш гурван ч удаа Япон руу бүтээгдэхүүнээ гаргаад буй тэд монгол бяслагны үйлдвэрлэлд цоо шинэ жим татсан нь энэ юм. Тус улсын лабораториуд өдгөө манай бяслагийг шинжилж байгаа бөгөөд хоёр сарын дараа хариугаа өгөх гэнэ.
Япончууд бяслагны хэрэглээгээр дэлхийд дээгүүр ордог бөгөөд хэрэв нааштай хариу ирвэл Монголоос их хэмжээгээр авах боломж бүрдэнэ гэсэн үг. Чанарыг дээд зэргээр эрхэмлэдэг япончууд монгол бяслагийг авч байгааг дуулсан солонгосчууд ч манайхыг сонирхож эхэлсэн гэнэ. “Монфрэш” компани өдөрт 5-10 тонн бяслаг үйлдвэрлэх хүчин чадалтай ч дотоодын эрэлт хэрэгцээнээс шалтгаалаад өнгөрсөн жил ердөө 50 гаруй тонныг л хийжээ.
Тэгэхээр Японы зах зээлд хөл тавьж гэмээнэ зөвхөн тэд бүрэн хүчин чадлаараа ажиллаад зогсохгүй энэ төрлийн бусад аж ахуйн нэгжид ч боломж гарах тул салбарын яамнаас бодлогоор дэмжихээ илэрхийлсэн байна.