
Нурсан дүүжин таазыг “Портер”-т ачжээ 2017.04.04-ний 13:00 цаг
Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, III хорооллын “Номин” худалдааны төвийн өргөтгөл буюу “Terranova” брэндийн хувцас борлуулдаг хэсгийн тааз нурж, хүн дарагдсан тухай дуудлага өнгөрсөн ням гаригийн 11.40 цагийн үед НОБГ-т иржээ. Дуудлагын дагуу аврах ангийн найман алба хаагч очиход спорт барааны хэсэгт 10х15 хэмжээтэй дүүжин тааз нурж, хоёр хүүхэд болон хоёр том хүн хөнгөн гэмтсэн байсныг гаргаж, Яаралтай түргэн тусламжийн эмч нарт хүлээлгэн өгсөн байна.
Үйлчилгээ хэвийн байгаа, эсэхийг мэдэхээр тус дэлгүүрт өчигдөр 11.30 цагийн үед очив. Гаднаас нь харахад эвдэрч нурсан зүйлгүй байлаа. Харин дотор талын ханандаа урт цэнхэр хөшиг татаж, “Барилгын ажил явагдаж байна” гэсэн бичиг өлгөжээ. Тааз нь нурсан хэсгээс тэндхийн ажилчид нь бололтой хэсэг залуу тэргээр бараа, хувцас зөөж байлаа.
Юунаас болж тааз нурсан, хүмүүсийн биеийн байдал ямар байгааг лавлахаар “Номин холдинг” компанийн удирдлагуудтай уулзахад “Дүүжин тааз нурсан нь үнэн. Гэхдээ үйл ажиллагааг нь сэргээхээр ажиллаж байна. Гэмтэж, сүйд болсон хүн байхгүй. Ямар нэгэн гомдол гараагүй” гэлээ. Дэлгүүр ажиллаж байх үед тааз нурсан бөгөөд тэнд хоёр ажилтан, хоёр үйлчлүүлэгч байсан аж.