
2016-2017 оны хичээлийн жилд Улсын хэмжээнд Ерөнхий боловсролын дунд сургуулийг 40 гаруй мянган сурагч төгсөнө. Боловсролын хүрээлэнгээс хийсэн “Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад мэргэжлийн баримжаа олгох нь” төслийн судалгаагаар сурагчдын 82.2 хувь нь мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт мэдээлэл хэрэгтэй хэмээн хариулжээ.
Иймд Ерөнхий боловсролын дунд сургуулийн төгсөх ангийн сурагчдад мэргэжил сонголтын талаар арга зүйн дэмжлэг үзүүлэх шаардлага тулгарч буй. Энэхүү шаардлагыг үндэслэж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Боловсролын газар хамтран “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг зохион байгуулж байна. Тус аянд Нийслэлийн 9 дүүргийн Ерөнхий боловсролын дунд сургуулийн төгсөх ангийн сурагчид хамрагдана..
“Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аян өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Багахангай, Налайх дүүрэгт зохион байгуулагдсан бөгөөд энэ үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж сурагчдад хандаж мэргэжлээ хэрхэн зөв сонгох, ирээдүйд хүн бүрийн сайн, сайхан амьдрах чухал хүчин зүйлийн нэг бол яахын аргагүй мэргэжил сонголт гэдгийг онцоллоо.
Дашрамд дурдахад, Үндэсний статистикийн хорооны 2016 оны мэдээллээр ажилгүй иргэдийн 57.1 хувь нь буюу 19.650 иргэн 15-34 насны залуучууд байна.