
Өмнөговь аймаг дахь Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн офицеруудын албан тушаалын орон сууцанд хэд хоногийн өмнө гал гарчээ. Тус аймгийн хууль сахиулах байгууллагын эх сурвалжуудын мэдээлснээр тэр байранд есөн айл амьдарч байсан бөгөөд офицерууд, тэдний гэр бүл, үр хүүхдүүд нь өмссөн хувцаснаас өөр зүйлгүй хоцорсон гэнэ. Ажлын цагаар энэ золгүй явдал болсон аж.
Байранд гарсан галын улмаас азаар хэн нэгний амь нас, эрүүл мэнд хохироогүй юм байна. Уг барилгыг 1958 онд модоор барьж ашиглалтад оруулсан бөгөөд галын шалтгааныг урьдчилсан байдлаар цахилгааны богино холболтоос үүссэн гэдгийг тогтоожээ. Уг золгүй явдал болсны дараа БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батбилэг газар дээр нь очиж, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн есөн офицерт тусламж болгон гэр өгчээ. Мөн ЗХЖШ-аас болсон асуудлыг тодруулах тусгай баг ажиллахаар ирсэн гэдгийг орон нутгийн эх сурвалжууд мэдээллээ.