
Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулж буй “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлууд” сэдэвт онол, практикийн бага хурал “Премиум” паласт үргэлжилж байна.
Онол практикийн бага хуралд оролцогчид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, энэ ажилд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар үйл ажиллагааг нь нэгтгэн цогц бодлогоор хангах, байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах зэрэг асуудлаар харилцан санал бодлоо солилцож байгаа юм.
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлууд” сэдэвт онол, практикийн бага хуралд оролцогчдын санал бодлыг сонслоо.
ЦЕГ-ын дарга Ө.Энхтөр: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд төрийн болон ТББ-ууд, иргэд хамтарч ажиллах шаардлагатай
-Улсын хэмжээнд гарч байгаа гэмт хэргийн гаралтыг тодорхой хэмжээгээр багасгах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн арга, ажиллагааг цагдаагийн байгууллага нэн түрүүнд зохион байгуулж ажиллах нь зүйтэй юм гэж дүгнэн бид холбогдох онол практикийн бага хурлыг зохион байгуулж байна. Гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг бүхий хуулийн бусад байгууллагынхаа ажилтнууд, энэ чиглэлээр ажилладаг эрдэмтэн, судлаачдын санал, бодлыг сонсох юм.
Ер нь гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаа дан ганц цагдаагийн байгууллагын эсвэл бусад хуулийн байгууллагын үүрэг биш. Гэмт хэрэг бол нийгмийн үзэгдэл. Энэ үзэгдэлтэй тэмцэх, гаргуулахгүй байх чиглэлээр хууль, хүчний байгууллагааас гадна бусад төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэд маань хамтарч ажиллах зайлшгүй шаардлага өнөөгийн нөхцөл байдалд бий болж байна. Үүнээс гадна гэмт хэрэгтэй тэмцэх төр засгийн бодлогыг нэгтгэсэн бичиг баримтууд шаардлагатай болж эхэлж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хэмжээнд гэмт хэрэгтэй тэмцэх бодлого, зохицуулалтыг төр засгаас бий болгож байх ёстой.
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Батчулуун: Хулгайлах гэмт хэрэг 30 гаруй хувийг эзэлж байна
-Аль ч улс оронд үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх нь цагдаагийн байгууллагын үүрэг байдаг. Харин гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил гэдэг бол төрийн болон төрийн бус байгууллагын хариуцсан ажил байдаг. Монгол Улсад энэ ажлыг бүх шатны “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл” хариуцан зохион байгуулахаар хуульчилсан.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 1990 оноос хойш 20 гаруй жилийн хугацаанд гарсан гэмт хэргийн нөхцөлд дүгнэлт хийж үзлээ. Манай улс хуульдаа 200 гаруй гэмт хэргийг хуульчилсан. Үүнээс 6-7 төрлийн гэмт хэрэг Монгол Улсад гарч буй нийт гэмт хэргийн 80 гаруй хувийг эзэлж байна. Тухайлбал, хулгайлах гэмт хэрэг нийт бүртгэгдэж буй гэмт хэргийн 30 гаруй хувийг, бусдын бие махбодид гэмтэл учруулах буюу танхайрах төрлийн гэмт хэрэг 30 орчим хувийг эзэлж байна. Үүний ард архидалт, гэр бүлийн хүчирхийлэл байдаг. Мөн залилан мэхлэх гэмт хэрэг өсөх хандлагатай, дангаараа 10 орчим хувийг эзэлсэн. Үүний дараа авто ослын хэрэг байна.
Мөн шинэ төрлийн гэж яриад байгаа хар тамхи, мансууруулах бодис, хүн худалдах, цахим гэмт хэрэг өсөх хандлагатай байгааг сүүлийн таван жилийн судалгаа харуулна. Эдгээр төрлийн гэмт хэргийн нийт тоо улсын хэмжээнд эзлэх хувь бага боловч нийгмийн хор аюул, шинж чанараараа аюултай юм. Энэ бол бидний анхаарч ажиллах нэгэн чиглэл. Тиймээс энэ удаагийн “Онол-практикийн бага хурал”-аар энэ төрлийн ажлыг хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлын талаарх илтгэлийг нарийвчлан хэлэлцүүлж байна. Дараа нь салбар хуралдаанаар дэлгэрэнгүй ярилцана. Түүнчлэн хурлын төгсгөлд дүгнэлт, зөвлөмж гаргах юм.
"Гал голомт" үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө: Иргэд үүрэг хариуцлагаа ухамсарлах нь чухал
-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудалд бүх нийтийн анхаарлыг хандуулж, учир шалтгааныг олохоор эрдэмтэн судлаачид, практикт үүрэг гүйцэтгэж буй хүмүүсийн туршлага дээр дүгнэлт хийж, гарах арга замыг эрэлхийлж байгаад талархаж байна.
Бид үзэгдэлтэй их тэмцдэг болж. Тэр үзэгдэл бий болж байгаа мөн чанар руу нийтээр анхаарах ёстой. Гэтэл тэр зүйл нь орхигдоод байна. Өнөөдрийн онол, практикийн хурал гэмт хэрэг гарч байгаа үзэгдлүүд, учир шалтгаан руу нэг алхам ойртоход хэрэг болох байх. Гэмт хэрэгтэй тэмцэх бол зөвхөн цагдаагийн байгууллагын ажил бус, зөвхөн төрийн байгууллагын ч үүрэг биш. Иргэд бид эргэн тойрондоо амгалан тайван орчин бүрдүүлэхийн тулд ямар үүрэг хариуцлага хүлээх, түүнээ хэрхэн биелүүлж байна гэдгээс асуудлыг эхлэх ёстой. Энэ хандлагыг бий болгохын тулд төрийн бүх шатны байгууллага, цагдаа, цэргийн, иргэний байгууллагууд нэгэн зүгт харж ажиллах ёстой юм.
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлууд” онол практикийн бага хуралд Улсын Их Хурал, Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, төрийн болон төрийн бус 26 байгууллагын төлөөлөл, Цагдаагийн байгууллагын удирдах ажилтнууд оролцож байна.