
БНХАУ-ыг ОХУ-тай холбож буй манай улсын гол төмөр замаар жилд дунджаар 20 сая тонн ачаа тээвэрлэдэг. Европ-Азийг холбосон тээврийн коридоруудын хамгийн өрсөлдөх чадвар бүхий Транс–Сибирийн гол тэтгэгч эл шугам 1110 км-ийн урттай бөгөөд энэ нь Казахстан, Манжуурын коридороос 500-748 орчим км дөт гэдгээрээ хоёр хөрш орны сонирхлыг татсаар ирсэн. Тэгвэл энэхүү дөт гарц, мөн тээврийн үнийн хөнгөлөлт, шилжүүлэн ачих хурд сайжирч, сүүлийн жилүүдэд ачааны хэмжээ өсөж буй зэрэг давуу талаа ашиглан транзит тээврээ хөгжүүлэх бүрэн боломж бидэнд бий.
БНХАУ-ын Бээжин хотноо өнөөдөр эхэлсэн “Транзит Монгол-2017” форумд энэ асуудлаар хэлэлцэх юм. Зам, тээврийн хөгжлийн яам, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг хамтран Монгол, ОХУ, БНХАУ гурван улсын хамтарсан энэхүү форумыг зохион байгуулж буй. Форумын үеэр Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур “Монгол Улсын төмөр замын салбарын өнөөгийн байдал, “Талын зам”, “Бүс ба зам” санаачилгуудын уялдаа” сэдвээр илтгэл тавих юм.
Тодруулбал, Монгол Улс төмөр замын нөөц боломжоо танилцуулж, цаашдын хөгжлийн бодлого, төмөр замын дамжин өнгөрөх тээвэр, хил нэвтрэлтийн талаар болон дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхэд тээвэр зуучийн байгууллага, төмөр зам, далайн боомтын хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ. Мөн БНХАУ-ын талаас төмөр замын Монгол Улс, ОХУ-ын хамтын ажиллагааны талаар, ОХУ-ын талаас төмөр замын бодлого, дамжин өнгөрөх тээврийн талаар танилцуулна. Түүнчлэн гурван улсын төрийн байгууллага, тээвэрлэгч, ачаа илгээгч, хүлээн авагч, хил гаалийн байгууллагууд оролцоно. Энэ үеэр тус холбооны тэргүүн Б.Лхагвасүрэн “Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны танилцуулга, үйл ажиллагаа” сэдвээр илтгэл тавих бөгөөд форумын төгсгөлд CIFA буюу БНХАУ-ын тээвэр зуучийн холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах юм байна.
Түүнчлэн гурван улсын төрийн байгууллага, тээвэрлэгч, ачаа илгээгч, хүлээн авагч, хил гаалийн байгууллагууд оролцоно. Энэ үеэр тус холбооны тэргүүн Б.Лхагвасүрэн “Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны танилцуулга, үйл ажиллагаа” сэдвээр илтгэл тавих бөгөөд форумын төгсгөлд CIFA буюу БНХАУ-ын тээвэр зуучийн холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах юм байна.