
Тагнуулын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулж, Цэргийн болон Хилийн тагнуулын албыг татан буулгасан билээ. Тэгвэл Хилийн тагнуулын алба гэж байхад эрх бүхий албан тушаал хашиж байсан, хурандаа Н.Адъяа, Ч.Дашдорж нар хээл хахууль авсан, Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн хэрэгт холбогдсон юм.
2015 оны аравдугаар сард дээрх хоёр хурандаа болон Б.Насанжаргал, А.Сумъяа, Г.Батчулуун, Б.Эрхэс-Од, С.Сугар зэрэг хүнийг хээл хахууль өгч, авсан, зуучилсан, гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэсэн үндэслэлээр шалгаж эхэлсэн юм. Тагнуулынхан гүйцэтгэх ажлын шугамаар олж авсан мэдээллээ ашиглаж, хэрэгт холбогдсон хүмүүсээс хахууль авсан байж болзошгүй гэж буруутгагдаж буй юм билээ.
Тэдний холбогдсон хэргийг нэг жил зургаан сарын дараа Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлсэн бөгөөд гэм буруутай, эсэхийг нь тогтоох шүүх хурал товлогдсон ч ирэх долоо хоног хүртэл хойшлогджээ. Гүйцэтгэх ажилтай холбоотой хэрэг учраас хаалттай хэлэлцэж, дээрх хүмүүсийн гэм бурууг дэнслэх юм.