
Үндэсний аудитын газраас Сангийн яамны өнгөрсөн оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, шилэн дансанд таван сая төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээний мэдээллийг байршуулаагүй, бумбын тахилга хийхэд их хэмжээний мөнгө зарцуулсан гэх мэт зөрчил илэрсэн талаар мэдээлсэн.
Тэгвэл Сангийн яам өчигдөр энэ талаар тайлбар өглөө. Тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Х.Энхбаатар “Бумбын тахилгыг өнгөрсөн зургадугаар сарын 30-наас долдугаар сарын 2-нд зохион байгуулсан. Энэ нь өмнөх Засгийн газрын үед болсон гэсэн үг. Сангийн сайд цаашид ийм арга хэмжээ зохион байгуулахгүй байх чиглэл өгсөн” хэмээн ярив.
Мөн Засгийн газрын өнгөрсөн оны зургадугаар сарын 113, 334 дүгээр тогтоолоор “Сайн малчин”, “Сайн хувьцаа” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Уг арга хэмжээг тухайн үед Монголбанк санхүүжүүлсэн. Ингээд төсвийн тодотголоор Сангийн яамны төсөвт тусгасан гэлээ.