
“Бүх л хүүхэд зурсан зурагтаа нар дүрсэлдэг. Нар зурна гэдэг гэгээлэг сэтгэлтэй, аз жаргалтай байгаагийн шинж” хэмээн Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн багш Р.Бийраа хэлсэн. Тиймдээ ч өчигдөр нээлтээ хийсэн, багш сурагчдын хамтарсан үзэсгэлэнгээ “Авьяасын нар” гэж нэрлэсэн аж. Энд тус төвийн эсгий урлалын багш Р.Бийраа, сүрлэн сүлжмэлийн багш Б.Нарантунгалаг шавь нартайгаа хамтарч эсгий зулмал, сүрлэн сүлжмэл, гар зургийн 160 гаруй бүтээлээ дэлгэжээ.
Эсгий урлалын дугуйланд өнгөрсөн намар анхны элсэлтээ авч 50 гаруй хүүхэд бүртгүүлснээс өдгөө 37 нь идэвхтэй суралцаж буй аж. Энд 16-тай ганц сурагч байдаг бол олонх нь 5-13 насныхан гэнэ. Хоёр, гуравдугаар ангийн болов уу гэмээр хөвгүүд хөөцөлдөн тоглож буйг хараад юм сургах гэж багш нар нь багагүй сандардаг болов уу гэж бодсон минь буруу аж.
“Хичээлийн эхэнд тухайн сэдэвтэй холбогдолтой үлгэр яриад аль баатрыг, юуг нь зурмаар байна гэж хүүхдүүдээсээ асуудаг. Ийн тэд өөр өөрсдийн төсөөллийн ертөнцөд нэвтэрч, ухаан санаа нь төвлөрдөг учраас дэггүйтдэггүй” хэмээн Р.Бийраа багш хэлсэн. Эсгий болон сүрэл нь байгалийн цэвэр бүтээгдэхүүн учраас хүүхдэд хоргүйн дээр энэ төрлийн урлал зохион бүтээх, хийсвэр сэтгэлгээг хөгжүүлэх шидтэй гэнэ.
Ишигтэйгээ тоглож буй хүүг эсгийгээр дүрсэлсэн, 97 дугаар сургуулийн 8-ын Б ангийн сурагч Б.Мягмарцэрэнгээс бүтээлийнх нь тухай лавлахад “Би малчин хүүхэд болохоор өөрийнхөө тоглож өссөн ишгийг бодож ийм сэдвээр зулмал хийсэн.
Эхлээд эсгийгээ машиндаж өө сэвгүй болгодог. Дараа нь ямар өгүүлэмжтэй зурахаа цаасан дээр буулгана. Тэр зургийн дагуу эсгийгээр хэлбэр дүрс үүсгэнэ. Үүний дараа угааж элдээд хатаадаг. Энэ төвд зүү ороож, даалин, хатгамал урлаж сурснаас гадна бусад хүүхдээс ичилгүй чөлөөтэй харилцаж, үзэл бодлоо илэрхийлдэг болсон” гэв.