
Стандартчиллын үндэсний зөвлөлийн хуралдаан болж, 15 стандартыг хэлэлцэн батлалаа. Эрүүл мэндийн нэг, чанарын менежментийн тогтолцооны гурав, газрын тос, байгалийн хийн тав, хөдөлмөрийн аюулгүй байдлын дөрөв гээд зургаан салбарыг энэ удаа хамруулсан байна.
ОХУ болон БНХАУ шатахууны стандартаа 2013 онд шинэчлэн баталсаны дагуу хойд хөрш өнгөрсөн оны долдугаар сар, урд хөрш энэ оны нэгдүгээр сараас эхлэн “Евро-5” ангилалд нийцэх шатахуун хэрэглэж буй. Манай улс ч агаарын бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд шатахууны чанарыг “Евро-4, 5” стандартад шилжүүлэх зорилт тавьж буй. Тэгвэл эл ажлыг хэрэгжүүлэх үндэс суурь болсон баримт бичгүүдийг шинэчилж, бүх нийтээр чанартай шатахуун хэрэглэх боломж бүрдүүлжээ.
Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгаалах хувцас, ялангуяа зөвшөөрөгдөх хэмжээнээс их бохирдолтой нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг ажилчдын амьсгал хамгаалах хэрэгслийг стандарттай болгов. Ийм баримт бичиг манай улсад өмнө нь байгаагүй бөгөөд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрдэс түүхий эдийн иж бүрэн санаачилга” төсөл болон ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэд хамтран боловсруулсан байна.
Үүнээс гадна ажлын байран дахь агаарын бохирдлыг хэмжих MNS 5010:2001 стандартыг шинэчлэн сайжрууллаа. Өмнөх стандартад нь ажлын байрны агаарын найрлагыг хэмжихдээ 1970-1980 оны үед ашиглаж байсан багаж хэрэгслийг ашиглахаар заасан нь өнөөгийн нөхцөлд тохирохгүй байсан тул олон улсын жишигт нийцүүлэн сайжруулахаас өөр аргагүй болсон аж. Мөн цэргийн ангийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагаанд тавих стандартыг шинэчилсэн байна.