
Улсын комисс хүлээж авсан ч зөрчилтэй байсан барилга, байгууламжийн талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн баасан гаригт мэдээллээ. Архитектур төлөвлөлтийн даалгавар зөрчсөн, ажлын зураг төслийн бүрдэл дутуу, барилга угсралтын ажлын явцад зөрчилтэй байсан барилга байгууламжууд болон Төрийн хяналт шалгалт, Хот байгуулалт, Барилгын тухай хууль зөрчсөн, улсын ахлах байцаагч акт тогтоож, албан шаардлага хүргүүлэн, биелэлтийг хангаагүй байхад Улсын комисс хүлээн авсан болон ашиглалтын явцад илэрсэн зөрчил цөөнгүй байгааг мэдээллийнхээ эхэнд дурдсан юм.

Хан-Уул дүүргийн III хорооны нутагт “Атек” ХХК-ийн захиалгаар барьсан үйлчилгээтэй, орон сууцны 12 давхар барилга нь архитектур төлөвлөлтийн даалгавар зөрчсөн, давхар нэмсэн, өөрчлөлтийн зураг төсөлд магадлал хийлгээгүй, өнгөрсөн оны аравдугаар сарын 21-нд зөрчилтэй барилгын талаар албан бичиг хүргүүлсээр байтал Улсын комисс хүлээн авчээ. Мөн тус дүүргийн нутагт барьсан 51 дүгээр байр гадна тохижилтгүй, барилгын хийц бүтээцийг өөрчилсөн, дээврээс ус гоождог, 1-9 дүгээр давхар хүртэл хонгилын хана цуурсан зэрэг зөрчлийг арилгуулахаар улсын ахлах байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн ч хэрэгжүүлээгүй байна.
Баянзүрх дүүргийн XIV хорооны 85 айлын орон сууцны барилгын гадна дулаан, цэвэр ус, цахилгааны угсралтын ажлыг баталж, зөвшөөрсөн ажлын зураг, техникийн нөхцөлөөс өөрчилсөн зөрчлийг арилгуулалгүй Улсын комисс хүлээн авсан гэнэ. Чингэлтэй дүүрэг дэх ХНХЯ-ны цахим архивын барилга угсралтын ажлыг “Нийслэл өргөө” ХХК нь дутуу гүйцэтгэсэн байхад 2015 онд Улсын комисс ашиглалтад хүлээн авчээ.
Энэ мэт барилга угсралтын ажил нь дуусаагүй, зөрчилтэй барилгуудаас гадна ашиглалтын шаардлага хангахгүй байгаа автозамыг Улсын комисс хүлээн авсан тохиолдол бий аж. Багахангай дүүргийн Үнэгтэйн гэр хорооллын 1.2 км автозамын угсралтын ажилд улсын ахлах байцаагч албан шаардлага өгсөн ч биелүүлээгүй байхад комисс хүлээн авчээ. Мөн Багануур дүүргийн гэр хорооллын 6.44 км автозамыг комисс хүлээн авсан ч “Автозам жим” ОНӨААҮГ-аас ашиглалтын шаардлага хангахгүй буй талаар гомдол ирсээр байгаа аж.
Ашиглалтад орсон хэдий ч үйлдвэрлэлийн осол гаргасан сүүлийн их дэлгүүрийн бэлэн хувцасны “Терранова” тасагт барилгын тааз нурж, хүн гэмтсэн. Тус дэлгүүрийн нэгдүгээр давхрын угсармал төмөр бетон нүхт хавтан хучилтад бэхэлсэн гипсэн дүүжин таазны төмөр рамыг стандартын дагуу угсраагүй, зориулалтын бус аргаар бэхэлсэн, чанарын шаардлага хангаагүй материал (тэлэгч боолт) ашигласан байна. Гипсэн таазанд олон гэрэл дүүжилсний улмаас бэхэлгээ нь суларч, унасан нь осол гарахад нөлөөлжээ.