
Сүүлийн жилүүдэд жолооч нарын албан журмын даатгалд хамрагдах идэвх нэмэгджээ. Өнгөрсөн оны сүүлчээр Монгол Улсад бүртгэлтэй 766 мянга гаруй тээврийн хэрэгслийн 553 мянга орчим нь уг даатгалд хамрагдсан гэсэн статистикийг холбогдох байгууллага гаргасан байна.
Харин 150 гаруй мянга нь ашиглалтаас гарсан, 50-60 мянга орчим тээврийн хэрэгслийн жолооч албан журмын даатгалд хамрагдаагүй гэнэ. Тиймээс даатгалын компаниуд орон нутаг руу чиглэсэн үйл ажиллагаагаа идэвхжүүлэх шаардлагатайг Албан журмын даатгагчдын холбоо (АЖДХ)-ныхон 2016 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангаа хэлэлцэх үеэр онцлов.
Тус холбоо нь даатгалын компаниудын үйл ажиллагааг холбох, хохирогчдын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй бөгөөд даатгалын сан, өөрийн хөрөнгө гэсэн хоёр эх үүсвэрээс санхүүждэг. 2015 онд эргэлтийн хөрөнгө нь 6.7 тэрбум төгрөг байсан бол 2016 онд 9.2 тэрбум болон нэмэгджээ. Даатгалын сангийн хөрөнгийн эх үүсвэр нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын орлогын 10 хувь юм.
Гэвч хотын захиргаа төсвийн орлого тасарсан шалтгаанаар сүүлийн хоёр жил уг 10 хувь болох 1.9 тэрбум төгрөгийг санд төвлөрүүлээгүй гэнэ. АЖДХ өнгөрсөн онд даатгалын санд төвлөрсөн хөрөнгөөс 64 хүнд 157 гаруй сая төгрөгийн нөхөн төлбөр олгосон аж. Албан журмын даатгалд хамрагдаагүй, осол гаргасан жолоочийн өмнөөс хохирогчид нөхөн төлбөр олгосон гэсэн үг.
Гэвч буруутай жолооч нар авсан төлбөрөө төлөхгүй байх тохиолдол цөөнгүй аж. Эдгээрээс хамаарч 2.2 тэрбум гаруй төгрөгийн авлага хуримтлагдсан талаар тус холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав хэллээ.
АЖДХ-ны дэргэдэх Шуурхай алба нь нийслэлд дуудлаганд явахын зэрэгцээ даатгалын компаниудын хүсэлтээр орон нутагт салбараа нээжээ. Гэтэл энэ оноос эхлэн орон нутаг дахь Шуурхай албаныхаа үйл ажиллагааг зогсоосон аж. Хурлын үеэр компанийн төлөөллүүд үйл ажиллагааг нь үргэлжлүүлэхийг хүсэж байв.
Мөн нэгдсэн мэдээллийн сантай болох, одоо ашиглаж буй МИИС системээ шинэчлэх шаардлагатайг онцолсон. Ингээд Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын шуурхай албаны журам болон МИИС системийн шинэчлэлийн талаарх компаниудын санал хүсэлтийг авч, энэ сард багтаан холбогдох албанд хүргүүлэхээр боллоо.