
Золбин нохдод бариулсан бор гөрөөс Хан-Уул дүүргийн XI хорооны нутгаас олдсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Цусан эврээ хугалуулсан гөрөөсийг иргэд мал эмнэлэгт хүргэсэн ч өвчнөө даалгүй үхсэн юм. Тэгвэл өчигдөр бас нэг гөрөөс зэрлэг нохдын “тоглоом” болжээ. Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд гөрөөсийг олоход өрөөсөн хөл нь тасарчихсан, арьс нь энд тэндээ зулгарч, шархалсан байж.
Холбогдох байгууллагууд хамтран эзэнгүй ноходтой тэмцэж эхэлсэн ч зэрлэг амьтдыг гэмтээх явдал гарсаар байна. Нийслэлийн Байгаль орчны болон Хот тохижилтын газрынхан тус хамгаалалтын захиргааныхантай хамтран өнгөрсөн долоо хоногоос Богд уул орчмын зэрлэг нохдыг устгаж байгаа юм. Тэд гурав хоногийн хугацаанд 214 нохой хороожээ.
Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Д.Банди “Бид эхний ээлжинд уулын ойр орчимд байгаа нохдыг устгалаа. Одоо Богд уулыг “самнаж” золбин нохдыг хорооно. Ууланд аялах хүн олширсон болохоор нохдыг буудаж хөнөөхөд бэрхшээл тулгарч байна. Иргэд ууланд алхахдаа нохойгоо дагуулж явахаа болих хэрэгтэй” гэв.