
“Сонирхогчдын шатрын дэлхийн аварга” шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 1-8-ны өдрүүдэд Итали улсын Сполето хотноо гурван төрлийн рейтингийн ангиллаар болж өндөрлөв. 2300 хүртэлх рейтингтэй шатарчдын тэмцээнд дэлхийн 61 орны 210 шатарчин оролцов. Монгол Улсаас долоон шатарчин оролцож, “Монсчесс” шатрын клубын шатарчин Х.Итгэлт, Б.Баярмаа нар хамгийн өндөр ангилал болох 2300 рейтингээр хүч сорив. Нийлбэр дүнгээр тус клубын шатарчин, ОХУ-ын Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн Их сургуулийн оюутан Б.Баярмаа эмэгтэйчүүдийн ангилалд тэргүүн байр эзэлж 2300 хүртэлх рейтингийн ангилалд түрүүлсэн монголын анхны эмэгтэй “Сонирхогчдын шатрын дэлхийн аварга” болов. Олон улсын шатрын мастер Э.Хулан мөнгөн медаль хүртсэн бол долоон настай шатарчин Н.Содбилэгт дөрөвдүгээр байр эзэлсэн байна. Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж Сонирхогчдын шатрын дэлхийн аварга Б.Баярмааг Элчин сайдын яамандаа хүлээн авч уулзан баяр хүргээд, сурлага, спортын улам их амжилт хүсэн ерөөлөө.