
“Хааны эрэлд-2017” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт, дадлага 15 дахь жилдээ Монголд болно. Манай Зэвсэгт хүчин болон Номхон далай дахь АНУ-ын Тэнгисийн явган цэргийн командлалын төлөвлөлтийн багууд хамтарсан хурлаа өнгөрсөн сарын 27-31-нд хийсэн аж. Хуралд БНСУ, БНХАУ, Японы төлөөлөгчдөөс гадна Монгол Улсыг хавсран суугаа Итали, Унгарын батлан хамгаалахын атташе, Олон улсын Улаан загалмайн хорооны тэргүүлэгч нар оролцож, сургалт болох цаг хугацаа, үйл ажиллагаагаа товлосон байна.
Энэ жилийн “Хааны эрэлд-2017” хамтарсан цэргийн сургууль долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 3-ны хооронд Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны сургалтын нэгдсэн төвд болох аж. Урьдчилсан байдлаар Монгол, АНУ, Австрали, Балба, Бангладеш, БНХАУ, БНСУ, БНЭУ, Вьетнам, Камбож, Канад, ИБУИНВУ, Индонез, Итали, Колумб, Малайз, Папуа-Шинэ Гвиней, Сингапур, Тажикистан, Унгар, Филиппин, Франц, ХБНГУ, Швед, Шинэ Зеланд, Шри-Ланка, Япон гэсэн 28 улсын 1100 гаруй цэргийн алба хаагч оролцохоо мэдэгджээ.
Тус олон улсын сургалт, дадлагын хүрээнд явагдах Команд штабын сургуультай уялдуулан ротын хээрийн сургууль, мэдээллийн ажиллагаа, кибер аюулгүй байдлын сургалтууд анх удаа зохион байгуулахаар төлөвлөсөн нь энэ жилийн онцлог аж. Шинээр зохион байгуулахаар төлөвлөсөн ротын хээрийн сургуулийн үндсэн зорилго нь Өмнөд Суданд явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр бэлтгэж буй мотобуудлагын батальоны нэг ротын бүрэлдэхүүнийг ажиллагааны арга техникт сургахад чиглэх гэнэ.
Ялангуяа рот, салаагаар бие даан үүрэг гүйцэтгэх, ажиллагааны газар орон дахь бусад салбар болон олон улсын байгууллагуудтай харилцан ажиллах, шийдвэр гаргах ажиллагаанд сурган дадлагажуулахад оршиж байгаа гэдгийг албаны хүмүүс хэллээ. Мөн ХААИС-ийн Экосистемийн судалгааны төвтэй хамтран Хустайн нуруу орчим газар орны өвс, ургамлын онцлог, хортой болон хүнс, эмийн зориулалтаар ашиглаж болох ургамлыг таньж мэдэх хээрийн сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн байна.