
Улаанбаатар-Горхи Тэрэлж, Хархорин, Хөвсгөл, Хамрын хийд гэсэн дөрвөн чиглэлд уртасгасан маршрутаар энэ онд багтаан урд хөршөөс нийт 3000 жуулчин хүлээн авах гэрээнд “Улаанбаатар төмөр зам”-ын Аялал жуулчлалын товчооны захирал Б.Хажидмаа, Хөх хотын төмөр замын орлогч дарга Чөн Бө нар гарын үсэг зурав.
Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх Монгол Улсын Засгийн газрын зорилтын хүрээнд дээрх хоёр байгууллага энэ аяныг зохион байгуулна. Гэрээний дагуу энэ сарын 21-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл долоо хоногт хоёр удаа “Өдрийн жуулчин” аяллын группэд 100 жуулчин хамруулж, Замын-Үүд сумаар аялуулах юм байна.
Жуулчид “Улаанбаатар төмөр зам”-ын Аялал жуулчлалын товчооны харьяа “Жинчин” төв болон “Дорнын говь-1” жуулчны баазаар үйлчлүүлж, Монголын уламжлал, зан заншилтай танилцан, үндэсний соёл урлагийн тоглолт үзэх боломжтой гэнэ.
“Өдрийн жуулчин” гэдэг нь хамтрагч хоёр талын урьдчилан тохиролцсон маршрутын дагуу жуулчдыг аялуулаад тухайн өдөртөө багтаж буцаах богино хугацааны аяллын групп юм. Хөх хотын төмөр замын орлогч дарга Чөн Бө “Аялал жуулчлалаа хөгжүүлэхийн тулд бид маш их хөрөнгө оруулалт хийж, бэлтгэлээ хангаж байна. Эртний сайхан харилцаатай ч сүүлийн дөрвөн жил тасраад байсан аяллын замаа хоёр талын хүчин зүтгэлээр энэ зунаас эхлүүлж байгаадаа баяртай байгаа” гэлээ.