
Жил бүрийн намар мянга мянган хун чуулдаг, үзэсгэлэнт Ганга нуур ширгэж, үгүй болох аюул тулгараад байна. Өнгөрсөн зун хэт халж, хуурайшилт үүссэнээс нуурын ус эрс багасаж, хун чуулах аргагүйд хүрсэн тухай мэдээлэл олныг цочирдуулсан. Нуурын ус ингэтлээ багасахад нутгийн иргэд, тэр дундаа малчид ихээхэн буруутай гэж зарим хүн хэлж байсан юм.
Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд нутгийн иргэдтэй хамтран “Ганга нуураа аваръя, сэргээе” уриатай цөөнгүй ажил санаачлан өрнүүлсэн ч сүхбаатарчууд Ганга нууртайгаа үлдэж, монголчууд хунгийн чуулган дахиж үзэх, эсэх нь бүдэг хэвээр байлаа. Тэгвэл энэ жил БОАЖЯ-наас нуурыг сэргээхэд 200 сая төгрөг төсөвлөсөн гэнэ.
Ганга нуурт цутгадаг булаг, шандыг сэргээж, ойр орчимд нь мод тарихад энэ мөнгийг зарцуулах аж. Сүхбаатар аймгийн ЗДТГ, Бурхан шашинтны төв “Эрдэнмандал” хийд, “Ганга нуураа аврах сан” ТББ-ынхан энэ сарын 14-нд “Ганга нуураа аврах сэтгэлийн хүч” хандивын тоглолт зохион байгуулахаар болжээ.
Тоглолтод “Эрдэнэмандал” болоод “Гандантэгчэнлин” хийдийн 108 лам хувраг оролцож, ном хурах аж. Мөн эл нуурыг хамгаалах “Ногоон зурвас” төслийг энэ үеэр танилцуулж, урлаг, соёлынхон уран бүтээлийн дээжээсээ толилуулна.