
Хуурайшилтын үе эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн хэмжээнд ой, хээрийн түймрээс сэргийлэх арга хэмжээ авч эхлээд буй. Энэ талаар нийслэлийн Байгаль орчны газрын ой хамгаалал хариуцсан мэргэжилтэн Б.Хүдэрээс тодрууллаа.
-Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн ногоон бүсэд түймэр гарсан. Үүнээс болж хэр хэмжээний хохирол учрав?
-Иргэд зусланд гарахдаа хашаан доторх шар өвсөө шатааж, гал алдсанаас 3-4 айлын газар өртөн, нэг айлын байшин тэр чигтээ шатсан зөрчил энэ сарын 7-нд гарсан. Тэр хавийн мод, ногоон бүс ч галд өртсөн. Сүхбаатар дүүргийн XIX хороо, Шаргаморьтод мөн түймэр гарч, 7-8 айлын нийт дөрвөн га газрыг хамарсан.
Хамгийн сүүлд энэ сарын 8-нд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Зүүнсалаанд ойн түймэр дэгдлээ. Гал одоо ч (өчигдөр) бүрэн унтраагүй, газар авахуулахгүй байх үүднээс Онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна. Иргэд ойд зөвшөөрөлгүйзугаалж, гал түлж, шашны зан үйл хийснээс түймэр дэгдсэн.
Ер нь нийт түймрийн 80 хувь нь хүмүүсийн буруутай, санамсар болгоомжгүй үйлдлээс болж гардаг. Үлдсэн хувь нь байгалийн үзэгдэл буюу аянга буух зэргээс үүдэж буй.
-Хуурайшилтын үе эхэлснээс хойш ой, хээрийн түймэр хэдэн удаа гарав?
-2017 он гарснаас хойш ахуйн 40 гаруй түймэр гарсны 19 нь хуурайшилтын үе эхэлснээс хойш дэгдсэн. Ихэнх нь айл хашаандаа өвс шатааснаас гарлаа. Нийт 5.7 га газар түймэрт өртсөн.
Иргэд өмч хөрөнгөөрөө хохирч буй тул цагдаагийн байгууллагынхан гал алдсан иргэдийг шалгаж, торгууль шийтгэл ногдуулахаар ажиллаж байгаа.
-Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн түймрээс сэргийлэх ямар арга хэмжээ авч байна вэ?
-Гуравдугаар сарын 20-ноос ирэх зургадугаар сарын 10-ныг дуустал түймрээс урьдчилан сэргийлэх ажил хийнэ. Энэ хүрээнд нийслэлийн ногоон бүсэд байнга шалгалт хийж, айлуудад анхааруулга, сэрэмжлүүлэг өгнө. Нэг байгаль хамгаалагч 1-2 морин эргүүл гарган ажиллаж буй.
Эргүүлүүд иргэдэд зөвшөөрөлгүйгээр ойд зугаалахгүй, ил гал түлэхгүй, ойн дагалт баялгийг ашиглахгүй байхыг анхааруулж, зөвлөнө. Үүнээс гадна намар есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10 хүртэл уг арга хэмжээг хэрэгжүүлдэг.
-Хэчнээн байгаль хамгаалагч, морьт эргүүл ажиллаж байна вэ. Ойн дагалт баялгийг ашиглахтай холбоотой зөрчил олон гарсан уу?
-Манай байгууллага нийт 33 байгаль хамгаалагчтай. Тэд дор бүрнээ нэг хүн ажиллуулдаг. Хариуцсан газар нутгийнх нь хэмжээ том бол хоёр хүнтэй. Нийслэлийн ногоон бүсэд одоогоор 40 гаруй морьт эргүүл ажиллаж, байнга шалгалт хийж байна.
Үүн дээр 33 байгаль хамгаалагч нэмэгдэхээр нийт 79 хүн болно. Хусны шүүс уух нэрээр иргэд ойд орж, гал түлж, байгаль орчныг сүйтгэх, гөрөөсний цус уухын тулд хууль бус ан хийх тохиолдол бий.
Энэ мэт хэрэг зөрчлөөс сэргийлэх зорилгоор нийслэлийн Байгаль орчны, Онцгой байдлын, Мэргэжлийн хяналтын, Цагдаагийн газар гэсэн дөрвөн байгууллага 14 хоногоор ээлжлэн ажиллаж, хяналт шалгалт хийхээр төлөвлөж буй.