
Манай улсын нутгаас олдсон үлэг гүрвэлийн цөөнгүй олдвор БНСУ-д байгаа талаарх мэдээлэл гарав. Тус улсын Засгийн газар тэднийг эргүүлэн өгөх болсон тухай Солонгосын хэвлэлд мэдээлснийг бид цаг тухайд нь хүргэсэн. БНСУ-ын цагдаагийн алба хаагчид “Эртний олдворыг нуусан байна” гэх мэдээллийн мөрөөр шалгалт хийж, үлэг гүрвэлийн яс, өндөг зэрэг 11 ширхэг чулуужсан олдвор илрүүлсэн талаар өчигдөр шинэ мэдээлэл өгсөн байна.
Хэмжилт хийхэд хамгийн жижиг нь ойролцоогоор нэг, том нь 12 метр урт байсан аж. Мөн тэднийг 70 сая жилийн өмнө амьдарч байсан хэмээн таамаглаж буй гэнэ. Тэдгээр олдворыг хэн, хаанаас, хэрхэн авчирсныг нь судлаад, 2012 онд БНСУ-аас манай улсад айлчилсан төрийн өндөр албан тушаалтнууд нь аваачсан гэж мэдээлжээ.
Олдворуудыг нэг тэрбум төгрөгөөр худалдан авч, монгол гэр дотор нуун улсынхаа хилээр давуулсан гэдгийг ч тэмдэглэсэн байна. Хэвлэлд мэдээлснээр тус улс олдворыг түрээсэлж, олон нийтэд үзүүлэх гэнэ. Энэ талаар манай улсад мэдэгдсэн, эсэхийг ГХЯ-ны холбогдох хүмүүсээс тодруулахад “Бидэнд ямар ч мэдээлэл алга” гэв.