
УИХ-аас хоёр жилийн өмнө Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг баталж, тус хууль өнгөрөгч оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байсан 45 мянга гаруй хүүхдийн 25 хувь нь хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж, 1305 иргэн ажлын байртай болжээ. Түүнчлэн хүүхэд харах хүнгүйн улмаас ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байсан зургаан мянга гаруй эцэг, эх асран хамгаалагч тодорхой хөдөлмөр эрхэлж, байнгын орлоготой болсон зэрэг үр дүн гарсан байна.
Харин энэ оны нэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 818 хүүхэд харах төвд, 5275 хүүхэд хамрагдаж байна. Тэгвэл эдгээр газруудад ГЗГХА Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын тушаалаар нөхцөл байдлын үнэлгээг үндэсний хэмжээнд 2017 оны дөрөвдүгээр сарын 03-наас тавдугаар сарын 31-ны өдөр хүртэл хийхээр болжээ. Ингэснээр Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, Хүүхэд харах үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS 6540:2015 стандарт, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, хүүхдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжид нөхцөл байдлын үнэлгээ хийж, шаардлага хангахгүй төвүүдэд албан шаардлага өгч, хүүхэд харах үйлчилгээ болон сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж буй хүүхдийн давхардлыг арилгаж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулах юм байна.