
Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв буюу 311 дүгээр ангийн байршилд хээрийн дадлага сургуульд гарсан Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн алба хаагчдаас хоёр хүний амь үрэгдэж, 10-аад хүн гэмтсэн осол гарлаа. Саяхан бригадын генерал цол хүртсэн Л.Гансэлэм даргатай 350 дугаар анги буюу энхийг сахиулах шинэ батальоныхон хээрийн сургуульд гарч, байлдааны буудлага, харвалт хийж байсан талаар зарим эх сурвалж хэлж байна.
БХЯ, ЗХЖШ-ынхнаас авсан мэдээллээр өчигдөр 17.30-18.00 цагийн үед энэ хэрэг болсон бөгөөд Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн нэг офицер, нэг ахлагч газар дээрээ амиа алдаж, найман хүн дэлбэрэлтэд өртөн шархадсан аж. Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг рүү яаралтай тусламжийн “Фургон” шархадсан алба хаагчдыг зөөж авчран эрчимт эмчилгээ хийж эхэлсэн бөгөөд 20.15 цагийн үед гаднаас ямар ч хүн оруулахгүй, хориглолт тогтоосон байв.
Тус эмнэлгийн эх сурвалж “Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн найман алба хаагч шархдаж эхнээсээ манайд ирээд байна. Сүүлчийн хүн нь хараахан ирж амжаагүй (20.15 цагт). Шархадсан офицер ахлагч нараас нэг хүний биеийн байдал хүнд байна. Зарим хүн мэс засалд орж байгаа. Бусад нь харьцангуй гайгүй” гэсэн мэдээлэл өглөө.
Зэвсэгт хүчний 350 дугаар анги нь ЗХЖШ-ын шууд удирдлагад байдаг бөгөөд Хуурай замын цэргийн командлалд огт харьяалагддаггүй аж. Яагаад ийм осол гарав гэдгийг тогтоохоор Мөрдөн байцаах албаны Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэнтэй хамтран ЗХЖШ-ын Хяналт шалгалтын газар бусад албаныхан нь шалгалт, мөрдлөг эхлүүлээд байна. Дэлбэрсэн гар бөмбөг хориглолтынх байсан уу, давшилтынх уу гэдгийг цагдаагийнхан хараахан тогтоогоогүй талаараа хэлсэн.
“Бэлтгэл сургуулилалт муу, галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэлтэй харилцах мэдлэг чадвар дутмаг, сэтгэл зүйн бэлтгэл тааруу байгаагийн илрэл үүнээс харагдаж байна. “РГД-5” хэмээх давшилтын гар бөмбөг байх магадлалтай” хэмээн мэргэжлийн хүмүүс хэлж байгаа юм.
Уг гар бөмбөгний хөнөөх чадвар өндөр учраас ойрхон байсан хоёр хүн газар дээрээ амиа алдаж, арай зайдуу байсан хүмүүс шархадсан байх магадлалтай гэнэ. Цагдаагийнхан “Хэргийн газрын үзлэгээ дөнгөж эхэлж байна. Тодорхой мэдээлэл өгөхгүй боломжгүй. Учир байдлыг нь тогтоохоор ажиллаж эхэлсэн. БХЯ, ЗХЖШ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөхөөр болсон” гэсэн хариу өглөө.
ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар 21.00 цагт хэвлэлийн хурал хийж “Зэвсэгт хүчний 2016-2017 оны сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу анги салбарууд хээрийн сургалт бэлтгэлдээ гараад байгаа юм. Энэ үед ийм харамсалтай хэрэг явдал боллоо. Осол 17.40 цагийн үед энэ осол гарсан. ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Гол шалтгааныг хуулийн байгууллага тогтоосны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
Байлдааны гранатыг цэнэгтэй нь холбох явцын талаар хичээл зааж байсан ахмад Э бие бүрэлдэхүүнд сургалтаа явуулж байтал гар бөмбөг дэлбэрч, ахлагч А-гийн хамт газар дээрээ амиа алдаж, бусад найман хүн шархдан эмчлүүлж байна. Хүний болгоомжгүй үйл ажиллагаанаас болсон уу, эсвэл галт хэрэгслийн хадгалалт хамгаалалтаас шалтгаалсан уу гэдгийг хэлж мэдэхгүй нь. Ар гэрийнхэнд нь мэдээлэл хүргэсэн. Гурван хүнийх нь ар гэрийнхэнд дуулгаж чадаагүй байна. Нэг нь Ховд аймагт байдаг юм билээ” гэсэн мэдээлэл өглөө.
Цэргийн төв эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, дэд хурандаа Т.Сүхбаатар “Шархдагсад ихэвчлэн металл эд мөчдөд нь зоогдсон байдалтай, хоёр хүнд мэс засал хийгээд байна. Амь наснаас нь холуур, биеийн байдал нь тогтвортой байгаа” гэж энэ үеэр мэдэгдлээ.