
Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророор ажиллаж байсан Д.Мөнхтуяад холбогдох хэргийг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн даваа гаригт хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа.
Тэрбээр тус газарт ажиллаж байхдаа хэргийн холбогдогчийн ээжээс таван сая төгрөг авлигад авсан хэрэгт холбогдсон бөгөөд УЕПГ-ын Дотоод аюулгүй байдлын хэлтсийнхэн энэ үйлдлийг нь илрүүлээд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн юм. АТГ-ынхан хэргийг шалгаж байх явцад Д.Мөнхтуяа ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг дээд удирдлага нь хүлээн авсан аж.
Тэрбээр танхайн хэргийн холбогдогчийн ээж, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт галт тэрэгний үйлчлэгч Д.Амаржаргал гэдэг хүнээс таван сая төгрөг авч, хэргийг нь тэдэнд ашигтай хувилбараар шийдэх гэсэн хэмээн НПГ-ын хяналтын прокурор буруутган яллах дүгнэлт үйлдсэн юм билээ.
Энэ хэрэгт холбогдон шалгуулж байхдаа Д.Амаржаргалаас авсан таван сая төгрөгийг нь буцаан өгсөн бөгөөд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун, А.Алтанхуяг, Л.Оюунчимэг гэсэн шүүх бүрэлдэхүүн уг хэргийг хянан хэлэлцээд хэргийн бүрдэл дутуу гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа.
Прокурор асан Д.Мөнхтуяагийн хувьд өмнө нь авлига, албан тушаалын хэрэгт сэрдэгдэн ажлаасаа гарч, “Талх чихэр”-т хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад Д.Дорлигжавыг Улсын ерөнхий прокуророор томилогдсоны дараа прокурорын байгууллагад буцаж орсон нэгэн гэдгийг хамт ажиллаж байсан нөхөд нь хэлдэг.