
Хилээр оруулж ирсэн мод, бутнаас маш их хэмжээний хортон шавьж илэрчээ. Эрээнээс Замын-Үүд рүү орж ирсэн хоёр автомашинд ачсан ачааг тус боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албаныхан шалгахад ямар ч бичиг баримтгүй 1700 ширхэг гүйлс жимсний мод бут байжээ. Тэр даруйд лабораторийн шинжилгээ хийхэд дорнын үрэлж эрвээхэй (Grapholita molesta Busck) хэмээх хортон илэрсэн аж. Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны зургадугаар сард баталсан А-90 тоот тушаалын хавсралтад багтсан Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон хориотой, хөнөөлт организм, ургамлын хөнөөлт шавьж, хачгийн жагсаалтад энэ хортон ордог юм байна.
Түүнээс гадна өмнөд хөршөөс оруулж ирсэн 0.8 тн алимнаас жимсний улаан хачиг, 20 тн төмснөөс цацаг далавчтан илэрсэн учраас хураан авч, гүний хяналтад шилжүүлээд байгаа гэнэ. Үүний зэрэгцээ 20 тонн натрийн нитрит буюу химийн бодис тээвэрлэх горим зөрчсөн зургаан автомашиныг саатуулж, хуулийн дагуу арга хэмжээ авчээ.