
Түүх соёл, шашны хосгүй үнэт, үнэт дурсгалуудыг өмнөд хөрш рүү гаргах гэсэн оролдлого удаа дараа гарч байна. Сүүлийн нэг сарын дотор ийм зөрчил 6-7 гарсныг хил, гааль, тагнуул, мэргэжлийн хяналтын байгууллагынхан илрүүлэн шалгаж эхэлжээ. Хамгийн сүүлд гэхэд нэг хийдийн томоохон мяндагтан бурхан тахил, шашны холбогдолтой эд зүйлс хил давуулах гэж байгаад саатуулагдсан гэнэ.
Тэгвэл Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч нар энэ сарын 8-10-ны хооронд хэд хэдэн ноцтой зөрчил илрүүлсний нэг нь эртний эд өлгийн зүйлс хил давуулах гэж байсан оролдлого байжээ. Улаанбаатар хотын харьяат иргэн Г нь 18 нэр төрлийн 64 ширхэг судар, бурхан тахил, цөгц зэрэг эртний эд өлгийн зүйлийг гар цүнх болон биедээ нууж улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан аж.
Уг хэргийг өдгөө Замын-Үүд сум дахь Цагдаагийн хэлтсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Сэжигтэн этгээд “Надад өвөг дээдсээс минь өвлөж ирсэн. Урагшаа гаргаж ном хаялцаад буцааж оруулж ирэх гэж байсан юм” хэмээн мэдүүлсэн сурагтай.