
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ялбаг багийн нутаг, Ерөөгийн байгалийн цогцолбор газарт хууль бусаар алт олборлож, байгаль орчинд асар их хор хохирол учруулсан “Баян суут” компанийн захирал Ц.Баярцогт нарын 6-7 хүнд холбогдох хэргийг прокурорын байгууллага хэдэн жил дарсны эцэст саяхан Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Нөхөн сэргээлт хийх нэрээр тус компанийнхан Хуст нарийны голд анх үйл ажиллагаа явуулснаар тэр гол юу ч үгүй болж, ухсан нүхэнд нь мал унаж үхэх болсон юм. Тэр хавийн малчид хаана, хэнд хандахаа мэдэхээ больсон, Ц.Баярцогт нь “Хууль надад үйлчилдэггүй юм” хэмээн нутгийн иргэдийг айлгаж, дарамталдаг талаар биднийг 2015 оны аравдугаар сард газар дээр нь очиж сурвалжилга хийж байхад ярьж байсан.
“Тэрбээр УИХ-ын гишүүн Д.Элдэв-Очирын хүргэн, уг хэрэгт холбогдсон Ууганбаатар нь ТЕГ-ын дарга, хошууч генерал Б.Хурцтай найз учраас 2012 оноос хойш энд хууль бус үйл ажиллагаа явуулж, байгаль орчинд хохирол учруулсаар байхад хэн ч юу ч хийлгүй өдий хүрлээ” хэмээн Ялбаг багийн малчид ярьж байв.
Ц.Баярцогт нар хууль бусаар алт олборлохын зэрэгцээ нэгэн иргэний 300 сая төгрөгийг залилж авсан хэрэгт холбогдсон. Тэдэнд хамаг мөнгөө залилуулчихаад гудамжинд гарахдаа тулсан иргэн Б эцэст нь амиа хорлох оролдлого хийж, гэрээслэлдээ НПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэнг амиа хорлох үйлдэлдээ буруутгасан байсан юм.
Прокурорын байгууллагаас Ц.Баярцогт нарт Эрүүгийн хуулийн 148.4, 214.2-т заасан бусдын онц их хэмжээний хөрөнгийг залилсан, хууль бусаар ашигт малтмал олборлосон гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх төрийн хууль хэнд ч үйлчилдэг гэдгийг харуулж чадах эсэхийг харах л үлдэж байна.