
Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг, Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв буюу 311 дүгээр ангийн байршлаас 10 гаруй км-ийн зайд орших Очир толгойн орчимд байрлан хээрийн сургууль хийж байсан 350 дугаар бригадын зэвсгийн офицер, ахмад Б.Мөнгөншагай, гранатмётчин, ахлагч Б.Ариунболд нар гар бөмбөгийн дэлбэрэлтэд өртөн амиа алдаж, найман ахлагч шархадсан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн.
ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, тус штабын Ажиллагааны удирдлагын газрын орлогч дарга, хурандаа С.Дашзэвэг, Цэргийн төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, дэд хурандаа Т.Сүхбаатар нар болсон явдлын талаар өчигдөр дахин мэдээлэл хийлээ.

Энэ сарын 11-ний оройноос хойш Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын удирдах албан тушаалтнууд Цэргийн төв эмнэлэгт ажиллаж, шархдагсдыг ослын газраас тээвэрлэх, эрчимт эмчилгээ хийх, мэс заслын эмч, тоног төхөөрөмж яаралтай бэлтгэх ажилд нь туслалцаа үзүүлэхээр 02.00 цаг хүртэл байжээ.
Шархадсан алба хаагчдын биеийн байдал, Тавантолгойд болсон асуудлын талаар хошууч генерал Ж.Бадамбазар, дэд хурандаа Т.Сүхбаатар нар 21.00 цагийн үед мэдээлэл өгсөн билээ.

Энэ өдөр Засгийн газрын хуралдаанд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ уг ослын талаар танилцуулж, хошууч генерал Ж.Бадамбазар сайд нарын асуултад хариулсан юм. Үүний дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат амь үрэгдсэн алба хаагчдын ар гэрт эмгэнэл илэрхийлж, тэдний болон шархадсан цэргийн алба хаагчдын ар гэрт шаардлагатай тусламж, дэмжлэг үзүүлэх, ослын дүгнэлтийг яаралтай гаргахад шаардлагатай мэдээллээр хангах, дүгнэлтийг үндэслэн хариуцлага тооцох зэргээр шуурхай ажиллахыг үүрэг болгов.
УИХ-ын дарга М.Энхболд өчигдрийн чуулганы эхэнд “Нас барсан алба хаагчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Тайван цагт дэлбэрэлт болж хүний амь нас эрсэдсэн хариуцлагагүй үйлдэл болсон. Энэ салбарт сахилга хариуцлага суларсныг харуулж байна. Иймд осол гарсан шалтгаан нөхцөлийг шуурхай тогтоон буруутай этгээдүүдэд хариуцлага тооцож, сахилга хариуцлагыг чангатгахыг Батлан хамгаалахын сайдад УИХ-аас үүрэг болгож байна” гэлээ.

Ж.БАДАМБАЗАР: ЗХЖШ-ЫН ДАРГЫН ТУШААЛААР АР ГЭРИЙНХЭНД НЬ МӨНГӨН ТЭТГЭМЖ ОЛГОХООР БОЛСОН
ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар “Байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулилалтын бэлтгэл хийж байх үед гар бөмбөг (гранат) тэсэрч цэргийн хоёр алба хаагч амь эрсдэж, найман хүн шархадсан осол гарлаа. Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн зэвсгийн офицер, ахмад Б.Мөнгөншагай, ахлагч Б.Ариунболд нарын ар гэр, төрөл төрөгсдөд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.
Төв аймгийн Цагдаагийн газар, МБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. БХЯ, ЗХЖШ-аас өчигдөр орой хоёр ч ажлын хэсэг томилон ажиллууллаа. Эхнийх нь Тавантолгойд очиж ослын шалтгааныг тогтоох үүрэгтэй.
Хоёр дахь ажлын хэсэг шархадсан цэргийн албан хаагчдыг Улаанбаатар хот руу тээвэрлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүрэг гүйцэтгэлээ. Шархадсан найман ахлагчийг Цэргийн төв эмнэлэгт 19.00-20.15 цагийн хооронд авчирсан.
Цагдаагийн байгууллага, тэр дундаа Замын цагдаагийн албаныхан шуурхай зохион байгуулалт хийж, энэ ажиллагаанд туслалцаа үзүүллээ. Шархадсан цэргийн алба хаагчдад Цэргийн төв эмнэлгийн эмч нар, ЭМЯ-наас томилогдсон багийнхан шаардлагатай эмчилгээ хийсэн.
БХЯ, ЗХЖШ-аас томилогдсон ажлын хэсгийнхэн өчигдрөөс хойш шархадсан албан хаагчдын гэр бүлийхэнтэй холбоо тогтоон ажиллаж байна. Өчигдөр шөнө тухайн газарт байсан зарим офицер, ахлагчаас болон шархдагсдаас цагдаагийн мөрдөн байцаагч нар мэдүүлэг, тайлбар авсан. Ойр орчимд нь байсан, тэсрэлтийн долгионд цохигдсон гурван албан хаагчийг эмчийн хяналт, шинжилгээнд оруулсан. Тэдний бие хэвийн байгаа.
Амь эрсэдсэн ахмад Б.Мөнгөншагай сургуулилалтын бэлтгэлийг ахалж, удирдан явуулж байсан юм билээ. Хээрийн сургуулилалтын үеэр гранат шидэх бэлтгэлээ хангах үед дэлбэрэлт болсон.
Ахмад Б.Мөнгөншагай нь 1987 онд Төв аймгийн Баян суманд төрсөн 30 настай. Эхнэр хүүгийн хамт амьдардаг. БХИС-ийг зэвсгийн албаны офицер мэргэжлээр төгссөн. Афганистан болон Өмнөд Суданд энхийг дэмжих ажиллагаад оролцсон туршлагатай офицер байв.
Ахлагч Б.Ариунболд 1993 онд Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрсөн. Мөн л эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвд 2012 онд бэлтгэгдэж төгссөн. Өмнөд Суданд энхийг дэмжих ажиллагаанд оролцсон алба хаагч байлаа. Амиа алдсан алба хаагчдын ар гэрийнхэнд тодорхой дэмжлэг үзүүлж эхэлсэн.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу нас барсан алба хаагчийн ар гэрийнхэнд 10 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгоно. ЗХЖШ-ын даргын тушаал гарч, тэтгэмж олгохоор болсон.
Хээрийн сургуулилалтын үед байлдааны сум, галт хэрэгсэл хэрэглэж болдог. Сургуулилалт дүрэм журмынхаа дагуу явагдсан гэж үзэж байгаа. Осолтой холбоотойгоор хээрийн суруулилалтын үйл ажиллагааг түр зогсоосон. Цаашид байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуульд гарсан бусад ангиудаар явж хяналт, шалгалт хийнэ.
Ослын шалтгаан нөхцөлийг хуулийн байгууллага тогтооно. Удирдлагын буруутай үйл ажиллагаанаас болсон гэвэл бид хариуцлагаа хүлээнэ” гэлээ.

Т.СҮХБААТАР: ХОЁР АЛБА ХААГЧИЙН АМИЙГ АВРАХ БОЛОМЖ БАЙГААГҮЙ
Цэргийн төв эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч, дэд хурандаа Т.Сүхбаатар шархадсан цэргүүдийн биеийн байдлын талаар мэдээлэл өгөхдөө “Осол болсон даруйд манай эмнэлгийн бие бүрэлдэхүүн бэлэн байдалд ажиллаж яаралтай тусламж үзүүлсэн. Хоёр алба хаагч хүнд гэмтэлтэй учраас амь насыг нь аврах боломж байгаагүй. Хоёр цэргийн албан хаагч яаралтай мэс засалд орсон. Гаднын биет буюу гар бөмбөгийн хэлтэрхийнүүд шархадсан алба хаагчдын хэвлий, гуяа, гарын шуу, сарвуу, шилбэний зөөлөн эдэд орсон байсныг авсан. Цаашид шаардлагатай нарийн мэргэжлийн эмчилгээ хийх болно” гэсэн юм.
Хэвлэлийн хурал дуусмагц сэтгүүлчид Цэргийн төв эмнэлгийг зорьсон. Уржигдар оройг бодвол харуул хамгаалалт нь суларсан ч хэвлэлийнхнийг дотогш нэвтрүүлэхгүй байв. Гэвч зарим нэг нь дотогш орж, шархдагсдын ар гэрийнхнээс ярилцлага авахаар оролдсон юм. Харин ар гэрийнхэн нь ямар нэг зүйл ярихаас цааргалж, зарим нь илт дургүйцэж байлаа.
Тус эмнэлгийн Гэмтлийн клиникт шархадсан хүмүүсийн хоёр нь хэвтэж буй бөгөөд өчигдөр БХЯ-ны газрын дарга нар орж биеийн байдалтай нь танилцсан юм. Мөн бие нь гайгүй, хөнгөн шархтай алба хаагчдыг дуудан уулзсан. Энэ үеэр нэг алба хаагчийн ар гэрээс эргэлт ирсэн юм.
Нэрээ хэлэхийг хүсээгүй гэр бүлийн хоёр “Манай дүү Ховдынх. Бидэнд өчигдөр 20.30 цагийн үед золгүй явдал болсон талаар мэдээлсэн. Дүү минь харьцангуй хөнгөн шархадсан байна. Шилбэнд нь гар бөмбөгийн хэлтэрхий орсныг нь авсан гэсэн. Гар, шуу нь хэлтэрхийд оногдсон ч зоогдсон юм алга гэж эмч нар нь хэлсэн байна лээ” гээд явлаа.
Өөр нэг алба хаагчийн ар гэрийнхэн Увс аймгаас гар утас руу нь залгаж ламаар ном уншуулж ч байв.

Хэргийн газраас цуглуулсан РГД-5 загварын гар бөмбөгний хэлтэрхийнүүд

НЭГ НЬ ГАР БӨМБӨГӨӨ АЛДЧИХСАН
БХЯ-ны газар, хэлтсийн дарга нартайгаа уулзсан гурван ахлагч тамхилахаар Эргэлтийн хаалганы дэргэд очиход нь зарим зүйлийг асуулаа. Нэг нь хөлдөө, нөгөө нь цээжиндээ, гурав дахь нь хэвлийдээ шархтай байсан юм. Уг алба хаагчид сурвалжилгаар явааг минь мэдээгүй учраас болсон явдлын талаар ямар нэг юм саналгүй л ярьсан.
Тэд “Нэг л мэдэхэд ийм аймшигтай явдал болсон. Талийгаач хоёроос бид холгүй сууж байхад нэг нь гранатаа алдчихсан. Тэгээд л ийм харамсалтай явдал болчихлоо. 5-6-хан алхмын цаана л дэлбэрэлт болсон. Ар гэрийнхэнтэй минь ЗХЖШ-аас холбоо барьж мэдэгдсэн байна.
Увс, Ховдоос гэрийнхэн ирнэ гэж байгаа. Бие гайгүй болохоор тэднийг ирүүлээд ч яах вэ дээ. Эхнэр хүүхэд минь эргэлтээр ирээд байгаа болохоор заавал тэднийг ирүүлэх ч шаардлагагүй” гэсэн юм.
Эмч нарынх нь хэлж буйгаар хоёр алба хаагчийн толгойд хэлтэрхий орсон учраас нэлээд хүнд байгаа аж. Нэг ахлагчийн хэвлийд шигдсэн хэлтэрхийг авсан ч зарим хэсэг нь ходоод руу нь дамжих аюултай байгаа гэнэ.
ДЭЭДЭХ НЬ СУУДЛАА ОЛОХГҮЙ БОЛ...
Зэвсэгт хүчний 350 дугаар бригад хэмээх хэд хэдэн ангийг нэгтгэн шинээр байгуулсан Энхийг дэмжих ажиллагааны зориулалттай ЗХЖШ-ын шууд удирдлагад байдаг ангийнханд “Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй” гэдэг шиг үйл явдал тохиолдсон гэнэ.
Тус ангийн эх сурвалжийн мэдээлснээр “Энэ харамсалтай явдал дарга, удирдлагаасаа эхлээд бүх л хэсэгтээ хариуцлага алдсанаас боллоо. Байлдааны буудлагатай тактикийн сургуулилалт энэ сарын 12-нд болох ёстой байсан юм. Гэтэл өмнөх өдөр нь галт хэрэгслээ ил гаргаж, улмаар РГД-5 загварын гар бөмбөгний галыг угсарсан байсан юм билээ.
Гэтэл нэг нь түгжээг нь мулталчихсан. “Яаж байгаа юм бэ” гэхэд нь сандарсандаа газар алдчихсан гэж ойр хавьд нь байсан 25 цэргийн алба хаагчдаас гэмтэл шархгүй үлдсэн хэд нь ярьж байна лээ. Дэлбэрэлтийн үеэр нэг алба хаагчийн хөл нь тасарсан гээд аймшигтай юм болжээ.
Энэ явдлаас 2-3 хоногийн өмнө бригадын захирагч, бригадын генерал Л.Гансэлэм, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагч Л.Балдан-Очирын охин, манай ангид нягтлангаар ажилладаг нэг эмэгтэйтэй хамт ирээд 350 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаярын санхүүгийн гүйлгээг шалгана гэсэн юм билээ.
Үүнээс болж бригадын генерал, хурандаа нар барьцалдан авсан. Д.Өлзийбаяр хурандаа “Чи хоосон орон тоо бий болгож цалинг нь бодуулж авдаг биз дээ. 20-30 хүнийхээ учрыг ол” гээд л хэрэлдэж байсан” гэх мэдээллийг бидэнд өглөө.
Үүнээс өмнө Эрдэнэтийн 186 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч гар бөмбөгтэй буруу харьцсанаас тэслэгч нь дэлбэрч, гар, нүдээ гэмтээсэн талаар манай сонин мэдээлж байсан. Үүнээс үүдээд сахилга хариуцлага, хяналт шалгалтаа чангатгаагүй юм уу гэсэн асуултад тодорхой хариу өгчих хүн гарсангүй.
Зэвсэгт хүчний хэмжээнд гарсан аливаа осол хэргийг нуухыг оролддог явдал мэр сэр гардаг. Хоёр жилийн өмнө ОХУ-ын Буриадад болсон “Сэлэнгэ” хамтарсан сургуулийн үеэр танктай гол гаталж явсан манай 2-3 цэргийн алба хаагч бүхээг дотроо угаартаж, найман цагийн дараа арай гэж ухаан орсон бөгөөд болсон асуудлын талаар ЗХЖШ-т мэдэгдэхэд өөдөөс нь “Наадахаас чинь аюултай явдал болж 084 дугаар ангийн алба хаагчид автомашинтайгаа онхолдон хүн нас барчихаад байна” гэсэн байдаг. Түүний дараа өвөл нь Налайхад нисдэг тэрэг осолдож бортмеханик нь амиа алдсан хэрэг өдий хүртэл шийдэгдээгүй байгаа дуулдсан.
Энэ мэтээр сахилга хариуцлага алдагдсанаас дахиад ч хүний амь үрэгдсэн осол гарахгүй гэх баталгаа байна уу хэмээн БХЯ-ны удирдлагаас асууя.