
-Хордлогын шинж илэрсэн бусад хүүхдийг эмч нар хяналтдаа авчээ-
Төв аймгийн Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургуульд сурдаг нэг гэр бүлийн гурван хүүхдэд хордлогын шинж илэрч, өнгөрсөн мягмар гаригт нэг нь амиа алджээ.Харин хоёр нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна.
Тэд уг сургуульд сураад удаагүй бөгөөд дотуур байранд амьдардаг байж. Өнгөрсөн даваа гаригт өдрийн хоол идсэний дараа талийгаач хүүгийн бие мууджээ. Төд удалгүй ах, дүү нь өвдсөн гэнэ. Тус сумын Эрүүл мэндийн төвийн эмчээс хүүхдүүдэд анх ямар зовиур илэрсэн, анхан шатны тусламж үзүүлсэн, эсэхийг лавлахад “Хүүхдүүдийг манайд үзүүлээгүй. Сургуулийнх нь эмч үзсэн гэж сонсогдсон” гэв.
Харин тус сумын Засаг дарга Д.Ганболдоос болсон явдлын талаар тодруулахад “Тэд манай сумынх бус, Сонгинохайрхан дүүргийн IX хороонд харьяалалтай. Аав нь манай суманд мал хариулах болоод, хүүхдүүд энд шилжин ирсэн юм билээ. Тэднийг өвдсөн гэдгийг дуулаад ээж нь хот руу авч явсан гэсэн. Харамсалтай нь, найман настай хүүхэд нь эмнэлэгт очоод нас барсан байна” гэлээ.
Хүүхдүүд энэ сарын 10-11-нд шилжих 00.10 цагт Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд очжээ. Тус эмнэлгийн дарга Б.Галсанцэдэнгийн хэлж буйгаар хүүхдүүдийн биеийн байдал маш хүнд байжээ. Тэднийг ирсэн даруйд шаардлагатай эмчилгээ хийсэн боловч 50 минутын дараа нэг нь нас барсан аж.
Тус эмнэлгийнхэн хоёр хүүхдийг нь хяналтдаа авч, эмчилж байгаад ХӨСҮТ-д шилжүүлсэн гэнэ. Хүүхдүүдийн биеийн байдлыг тодруулахаар өчигдөр 15.30 цагийн үед ХӨСҮТ-ийнхөнтэй холбогдоход “Хордлогын шинжтэй зургаа болон 10 настай хүүхэд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвөөс өнөө өглөө 11.30 цагийн үед манайд ирсэн. Биеийн байдал нь хүндэвтэр байгаа. Бид шинжилгээ авсан. Хариу нь гараагүй учир чухам юунаас болж хордсон гэдгийг хэлэх боломжгүй” гэсэн юм.
Хордлогын шалтгааныг тодруулахаар ХӨСҮТ, Төв аймгийн Эрүүл мэндийн болон Мэргэжлийн хяналтын газрынхан тус суманд ажиллажээ.
Тэд дотуур байранд амьдардаг хүүхдүүд, ажилчдад тандалт судалгаа хийж, шинжилгээ авч байгаа гэнэ. Энэ үеэр 10 гаруй хүүхдэд хордлогын шинж илэрчээ. Тэдний гурвыг нь эмч нар хяналтдаа авч, ажиглаж буй гэдгийг ЭМЯ-наас мэдээлэв.
ДОТУУР БАЙРНЫ ХООЛНООС НЯН ИЛРЭЭГҮЙ
Батсүмбэр сумын сургуулийн захирал А.Эрдэнэбаттай холбогдож дараах зүйлсийг тодрууллаа.
-Хордлого авсан хүүхдүүд нэг өрөөнд амьдардаг гэсэн үнэн үү?
-Манай сургуулийн нэг, гурав, дөрөв, есдүгээр ангид гэр бүлийн дөрвөн хүүхэд сурдаг. Дотуур байрны нэг өрөөнд байдаг.
-Хүүхдүүд хэзээнээс өвдөж эхэлсэн юм бэ?
-Өнгөрсөн даваа гаригийн орой, хичээл тарсны дараа гуравт нь халуурах, бөөлжих, цустай суулгах, татах зэрэг зовиур илэрсэн. Бид сумын эмнэлэгт үзүүлээд, ээжтэй нь холбогдоход хүүхдүүдээ Улаанбаатарт аваачиж эмчлүүлнэ гээд аваад явсан.
Тэдний гэр нь нийслэлд байдаг болохоор хүүхдүүд амралтын өдөр явчихдаг. Өнгөрсөн амралтын өдөр хотод очоод, “Нарантуул” худалдааны төв орсон юм билээ. Тэгж явахдаа өндөг авч идсэн гэсэн. Түүнээс л хордсон байх. Ижил хоол идсэн хүүхдүүдэд ийм зовиур илрээгүй.
-Хамтарсан багийнхан шинжилгээ хийх үед арав гаруй хүүхдэд хордлогын шинж илэрсэн гэв үү?
-Тийм юм байхгүй. Шинжилгээний хариу гараагүй байгаа. Хэн тэгж байна вэ.
-Танай суманд ажиллаж буй хүмүүс ЭМЯ-нд мэдээлсэн байна.
-Тэд намайг мэдээлэл өгөхийг хориглосон. Тэгээд ч эцсийн хариу гараагүй байгаа.