
“Эрдэнэс Монгол” компанийн удирдлагууд Чилийн “Codelco” компанийн төлөөлөгчдийг уржигдар хүлээн авч уулзжээ. Зэсийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг “Codelco”-гийн төлөөллүүд нь Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтийн урилгаар ирсэн бөгөөд төрийн өмчит уул уурхайн болон зэс олборлогч компаниудын үйл ажиллагаатай танилцаж буй юм.
Энэ үеэр “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт өөрийн болон охин компаниудынхаа үйл ажиллагааг танилцуулахын сацуу хөрөнгө оруулалт, салбарын хууль эрх зүйн орчин сайжирч, хариуцлагатай уул уурхайг урт хугацаанд хөгжүүлэх боломж бүрдсэн хэмээн дурджээ.
Мөн “Codelco”-гийн захирал Нелсон Пизарро “Чили улс 15 тэрбум тонн зэсийн, 50 тэрбум тонн зэсийн хүдрийн нөөцтэй. Бид 18.000 ажилтантай, жилд 1.8 сая тонн зэс боловсруулж байгаа нь үйлдвэрлэлийн бүтээмж харьцангуй өндөртэй” хэмээн тэмдэглэв.
Чили нь Монголын адил байгалийн баялаг ихтэй улс агаад ДНБ-ийхээ 30, экспортынхоо 70 орчим хувийг уул уурхайн үйлдвэрлэлээс бүрдүүлдэг аж. 1955 онд байгуулагдсан, 100 хувь төрийн өмчит тус компани зэсээс гадна кали, кобальт, бусад төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүн олборлодог гэнэ.
Тэд цаашид зэс олборлолтын чиглэлээр нэмэлт хайгуул хийн, Азийн улсуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаа аж. Түүнчлэн “Codelco” компанийнхан өчигдөр “Эрдэнэт үйлдвэр”-т очин, үйл ажиллагаатай нь танилцсан бөгөөд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан аж.
Зэс үйлдвэрлэгч хамгийн том компани гэсэн тодотголтой “Codelco” нь дэлхийн зэсийн нийт хэрэгцээний 10 гаруй хувийг дангаар бүрдүүлж буй юм байна.