
Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 63 дугаар ангийн хашаанд М.Мөнх-Эрдэнэ захиралтай “Их мандуул” гэх компани онцгой байдлын алба хаагчдад зориулан 512 айлын орон сууцны хотхон барихаар болсон. 2016 оны зургадугаар сард орон сууц бариулах гэрээ байгуулж, энэ оны долдугаар сарын 18-нд ашиглалтад оруулна гэжээ. Онцгой байдлын алба хаагчид хуруу хумсаа хуйхлан, өр шир тавьж байгаад урьдчилгаа мөнгөө өгчихөөд байгаа юм билээ. Онцгой байдлын албаны дарга нар, Барилга захиалагчийн албаныхан нь нэг ч тоосго өрж үзээгүй, ганц ч мэргэжлийн инженер үгүй “Их мандуул” компанитай ямар ашиг сонирхолоор нэгдэж хууль зөрчин барилгын ажил эхлүүлэх болсон нь тодорхойгүй.
Барилгын зураг төсөвтөө хяналт хийлгэж гарын үсэг зуруулаагүй бол галын дүгнэлт зэрэг ОБЕГ-аас авах шаардлагатай бичиг баримтыг нь гаргаж өгдөггүй. Гэтэл “Онцгой хотхон”-ы орон сууцанд зураг төсөв ч үгүй, газрын зөвшөөрлөө ч аваагүй байхад нь барилгын ажил эхлэх зөвшөөрөл олгосон, өдгөө карказыг нь тавдугаар давхар хүртэл цутгачихсан байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт ОБЕГ-аас НОБГ-ынханд хандаж “Барилга эхлүүлэх зөвшөөрөл, газрын зөвшөөрлийг нь нийслэлийн ЗДТГ-ынхнаас яаралтай гаргуул” гэсэн үүрэг чиглэл өгсөн гэнэ. Үүнээс үзэхэд ОБЕГ-ын удирдлагууд ямар ч тендергүйгээр хэн нэгэн танил талтайгаа ярилцаж тохироод өчнөөн тэрбум төгрөгөөр барилга бариулахаар болчихоод байгаа гэсэн үг. Уг нь алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэж, орон сууцтай болгох гэсэн санаа нь сайн хэрэг. Гэтэл нөгөөхийнх нь мөнгө хэн нэг хонжоо хайгчийн халаасанд ороод барилгын ажил явахгүй болсон нь харамсалтай.
“Их мандуул” компани нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шонхорын хүсэл” гэдэг компанийг туслан гүйцэтгэгчээр авч, улмаар тэднээс 888 сая гаруй төгрөг гаргуулан “өнөө, маргаашгүй зөвшөөрөл авчихна” хэмээсээр уг барилгын тавдугаар давхар хүртэлх карказыг нь бариулсан аж. Гэвч мөнгө нь ч орж ирэхгүй, “Зөвшөөрөл авчихсан, ОБЕГ-тай гэрээ байгуулсан” хэмээн үзүүлж байсан баримтууд нь хуурамч болохыг нь мэдсэн “Шонхорын хүсэл” компанийнхан Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт гомдол гаргасан гэнэ. Гэвч “Их мандуул”-ынхан цагдаагийн удирдах албанд ажиллаж байсан танил талаараа яриулж, “эрүүгийн хэрэг биш, компани хоорондын маргаан” гээд хэрэг үүсгэхээс татгалзах санал прокурорт гаргуулжээ. Прокурор нь ч хэргийн нөхцөл байдал, баримттай гүйцэд танилцалгүй хэрэг үүсгэхээс татгалзах шийдвэр гаргахаар болж буй суратай. Түүгээр ч зогсохгүй “Их мандуул”-ын удирдлага нь “Шонхорын хүсэл” компанийнхнаа айлган, дарамталж буй гэнэ. Барилга, хот байгуулалтын сайд Хятадад очоод хөрөнгө оруулагчдыг татахаар оролдож явахад ОБЕГ-ынхантай хуйвалдан алба хаагчдынх нь орон сууцыг тендергүйгээр барих болсон компанийнхан үргээж байна гэхэд хилсдэхгүй. Г.Мөнхбаяр сайдад тус улсын хөрөнгө оруулагчид “Гэрээгээр хүлээсэн үүргээ Монголын компаниуд биелүүлдэггүй, янз бүрийн хүмүүс дарамталж мөнгө нэхдэг, залилан мэхэлдэг” хэмээн гомдоллосон байна лээ. “Их мандуул”-ын захирал М.Мөнх-Эрдэнийн хувьд өмнө нь бас л Хятадын компаниас 70 сая төгрөг залилсан хэрэгт шалгуулж байсан нэгэн юм байна. Монгол, Хятадын компанийн хоорондын маргааныг үл ойшоолоо гэхэд гал, усны гамшгийн өөдөөс халуун амиа өгөхөөс ч буцахгүй тэмцдэг онцгой байдлын жирийн албан хаагчид орох орон ч үгүй, энд тэнд баахан зээл, өр төлбөртэй хоцрох гээд байгааг салбар хариуцсан Шадар сайд У.Хүрэлсүх та мэдсэн үү.