
Манай улсад аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг 600 гаруй аж ахуйн нэгж бий. Тэдгээрт 50 мянга гаруй хүн ажилладаг. Эл салбарыг нуруундаа үүрч яваа байгууллагуудын төлөөлөл, бизнес эрхлэгчид өчигдөр чууллаа. МҮХАҮТ, Монголын аялал жуулчлалын холбоо (МАЖХ) хамтран зохион байгуулсан “Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн чуулган”-д жуулчны бааз, зочид буудал, агаарын тээврийн компаниудаас гадна хөтөч тайлбарлагч, судлаач, жолооч, хөрөнгө оруулагчид оролцсон юм. Салбарын хөгжилд тээг болж байгаа бэрхшээлүүдийг хэлэлцэж, гарц эрэлхийлэх, мэргэжилтнүүдийн дуу хоолойг сонсох нь чуулганы зорилго. Тиймдээ ч БОАЖЯ, МАЖХ, МҮХАҮТ, нийслэлийн Аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд оролцогчдын санал, хүсэлтийг сонсов.
Улс орноо гадаад зах зээлд хэрхэн сурталчлан таниулж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх вэ. Аялал жуулчлалын салбарын бодлого, хөгжлийг тодорхойлогч төрийн байгууллагуудын төлөөллөөс бизнес эрхлэгчид ийн асуув. ГИХГ-аас гаргасан судалгаагаар манай улсад жилд дунджаар 400 мянган жуулчин ирдэг гэх. Энэ тоо үндэслэлгүй болохыг мэргэжилтнүүд хэлэв. Монголд зөвхөн аялах зорилгоор ирдэг жуулчин 90 мянгаас хэтэрдэггүй гэнэ. Гэтэл Засгийн газраас 2020 он гэхэд жилд нэг сая жуулчин хүлээж авдаг болох том зорилт дэвшүүлээд байгаа тул дээрх асуултын хариулт сонин байлаа. “Юуны түрүүнд аялал жуучлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулах шаардлагатай” гэж МАЖХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Б.Барсболд онцолсон бол судлаач Б.Энхтөгс сошиал орчныг ашиглан, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайтар сурталчлах нь жуулчдыг татах хамгийн гол түлхүүр хэмээв. Тэрбээр “Манайд сурталчилгаа, маркетинг ер хөгжөөгүй. Тэгтэл жуулчид голдуу интернэтэд байршуулсан сурталчилгаанаас мэдээлэл авч байна. Бид дотоодын төдийгүй гадаадын, нэр хүндтэй сайтуудтай хамтарч ажиллах замаар жуулчдыг татах суваг бий болгох хэрэгтэй” гэлээ. Чуулганы үеэр жуулчны аюулгүй байдал, эрх зүйн орчин, зам тээвэр, дэд бүтэц, үйлчилгээний байгууллагуудын соёл зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.