
Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд энэ сарын 11-ний 17.40 цагт гар бөмбөг дэлбэрсний улмаас Зэвсэгт хүчний 350 дугаар бригадын хоёр алба хаагч амиа алдаж, найман хүн шархдан эмнэлэгт хүргэгдсэн нь өнгөрсөн хоёр өдрийн дуулиан байсан. Байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн бэлтгэлээ хангаж сум, галт хэрэгслээ цагаас нь эрт олгосноос ийм асуудал үүссэн байх магадлалтай байгаа.
Ослын улмаас амиа алдсан ахлагч Б.Ариунболдын ээж нь уржигдар орой Өлгий-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн гэнэ. Аймшигт мэдээг хүлээн авсан даруйд сэтгэл санааны цочролд орсон талаар Баян-Өлгий аймаг дахь Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн эх сурвалж мэдээллээ. Ээж нь тус ангид энгийн орон тоонд ажилладаг нэгэн аж. Хоёр хүүхдийн ууган нь дээрх ослын үеэр амиа алдсан нь ийнхүү цочрооход хүргэсэн гэнэ.
Түүнийг хотод ирэхэд нь Цэргийн төв эмнэлгийн эмч нар хүлээн авсан гэх мэдээллийг бидэнд өглөө. Зарим сонин, цахим хуудаст дэлбэрсэн гар бөмбөгийн талаар буруу мэдээлэл, өөр гранатын зураг тавьж байгааг ЗХЖШ-ын мэргэжлийн хүмүүс эрс буруушааж байв.
Тэд “Өдөр тутмын нэг сонинд бидний ярьдгаар “боргоцой” гэдэг гар бөмбөгийн зураг тавьж, ташаа мэдээлэл цацсан байна лээ. Зургийг нь тавиад бичсэн гар бөмбөг чинь хориглолтынх. Хэрэв тийм гранат дэлбэрсэн бол ойр хавьд нь байсан хүмүүс ч амь үрэгдэх эрсдэлтэй. 200 м-ийн радиуст хөнөөх чадвартай, ширмэн гадартай. Харин тэр давшилтын РГД-5 загварынх нь 3-4 секундэд дэлбэрдэг, хөнөөх радиус нь бага зайтай байдаг” хэмээж байлаа.
Шархадсан цэргийн алба хаагчдын биеийн байдлын талаар БХЯ-наас “Тэдний бие сайжирч, энэ сарын 12-ны 19.00 цагийн орчимд ахлагч О.Ууганбаяр, Л.Очирбат, Ж.Баднаанямбуу, өчигдөр 11.00 цагт ахлагч Б.Цэндсүрэн, П.Пүрэвжав, Т.Анхбаяр нар эмнэлгээс гарсан.
Гэхдээ эмч нарын байнгын хяналтад байна. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасагт хэвтэн эмчлүүлж буй Б.Тэмүүжин, П.Данзанравжаа нарын биеийн байдал тогтвортой, П.Данзанравжааг энгийн тасагт шилжүүлсэн” гэсэн мэдээлэл өгөв.