
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Улаанбаатар хот болон есөн дүүргийн өрсөлдөх чадварыг анх удаа тодорхойлжээ. Уг индексээр нийслэлийн дүүргүүдээс Баянгол 0.517 оноо аван тэргүүлсэн бол Налайх 0.398 гэсэн дүнгээр сүүл мушгисан байна. Харин Улаанбаатар хотын өрсөлдөх чадварын индекс 0.52 байгаа аж.
Энэ индексийн утга нь тэгтэй ойр бол өрсөлдөх чадвар сул, нэг рүү дөхөж байвал өндөр гэж үзэх юм. Тус төвийн ТУЗ-ийн дарга П.Цагаан уулзалтын үеэр “Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд манай улсыг хоёр жилийн өмнөөс багтаадаг болсон. Энэ бол тайлан биш хөгжлийн хэмжүүр юм. Одоогийн нөхцөлөө таньж мэдэхэд онцгой ач холбогдолтой. Үүнийг тооцсоноор нийслэлийн иргэд юу хүсэж буйг мэдэх боломж бүрдэнэ” хэмээн ярив.
Нийслэл, дүүргийн өрсөлдөх чадварыг амьдралын чанар, амьдрах орчин, аюулгүй байдал, засаглал, эдийн засаг гэсэн таван бүлгийн хүрээнд нийт 150 шалгуур үзүүлэлтээр хэмжсэн байна. Тус байгууллагын захирал Б.Лакшми “Судалгааны зорилго нь дүүргүүдийг өрсөлдүүлэхдээ бус, харин хөгжлийн ялгаа хэр их байна вэ, давуу болон сул тал нь юу вэ гэдгийг илрүүлэхэд чиглэсэн. Мөн 150 шалгуурыг нарийвчлан задалж, тухайн үзүүлэлтийг сайжруулах талаар ямар ажил хийх хэрэгтэй талаар бодлого боловсруулах боломжтой” хэмээн ярилаа.
Дүүргүүдийн албан ёсны статистик болон өрхийн асуулгаар мэдээлэл цуглуулсан байна. Үүний хүрээнд амьдралын чанараар Баянгол дүүрэг 0.671 оноогоор тэргүүлсэн бол Баянзүрх удаалжээ. Мөн амьдрах орчны хувьд Багахангай, Баянгол, аюулгүй байдлаараа Багахангай, Баянгол, засаглалын үзүүлэлтээр Багахангай, Хан-Уул, эдийн засгийн хувьд Сүхбаатар, Баянгол дүүрэг өндөр оноотой байна. Харин амьдрах орчин, аюулгүй байдлаар Сонгинохайрхан, засаглалаар Налайх дүүрэг сүүл мушгив.